Жуулчны баазуудын усанд шинжилгээ хийхэд 18 хувийн нянгийн бохирдол илэрчээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт амралт, жуулчны баазын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 72 газарт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт амралт, жуулчны баазын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 72 газарт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар ундны усаа зориулалтын бус саванд нөөцөлсөн, ус хадгалж буй саваа тогтмол хугацаанд угааж, халдваргүйжүүлдэггүй, нийт 66 усны дээж авч, хими нян судлалын шинжилгээ хийхэд 12 буюу 18 хувь нь нянгийн бохирдолттой гарсан байна.
Түүнчлэн гүний худгийн 30 буюу 42 хувь нь эрүүл ахуйн хамгаалалттын бүсгүй, хамгаалалтын бүсэд байшин барилга, энгийн бие засах газар, бохир усны цооног, хог хаягдлын цэг зэрэг бохирдуулагч эх үүсвэр байрласан, 46 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлон, бохирын цооногтой, хог хаягдлыг түр хадгалах шаардлага хангасан зориулалтын хогийн цэг, хогийн савгүй, 20.8 хувь нь “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэм” зөрчин байрлаж үйл ажиллагаа явуулж байжээ.
Үүнтэй холбогдуулан НМХГ-аас улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, 64 дүгнэлт, 6 зөвлөмж гарган, холбогдох хууль тогтоомж зөрчсөн 27 аж ахуйн нэгжид 5 сая 856 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авсан байна.


















