Камерон МакРей огцрох уу?
"Оюу Толгой" компанийн гүйцэтгэх захирал Камерон МакРей албан тушаалаасаа бууж магадгүй байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь түүний “Rio Tinto” групптэй байгуулсан гурван жилийн гэрээ нь ирэх 11 дүгээр сард дуусгавар болж байгаа ажээ.
Мэдээллийн алба

"Оюу Толгой" компанийн гүйцэтгэх захирал Камерон МакРей албан тушаалаасаа бууж магадгүй байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь түүний “Rio Tinto” групптэй байгуулсан гурван жилийн гэрээ нь ирэх 11 дүгээр сард дуусгавар болж байгаа ажээ. “Rio Tinto”- ийн удирдлагууд МакРейтэй байгуулсан гэрээгээ сунгахгүй байх талаар хэлэлцсэн гэж байгаа бөгөөд түүний оронд хэнийг томилох нь одоогоор тодорхойгүй байна.
Макрейг Оюу Толгойн гүйцэтгэх захиралаар ажиллах хугацаанд хувь эзэмшигч талуудын хооронд зардлын асуудлаар санал зөрөлдөөн гарч байсны зэрэгцээ Монголын талын оролцоо бага байна гэх мэт маргаанууд дэгдэж байсан юм. Гэвч талууд ихэнх маргааныг шийдвэрлэснээр энэ сарын эхээр Оюу Толгой төслийн анхны бүтээгдэхүүн экспортод гарч эхлээд байна. Дашрамд дурдахад “Rio Tinto” групп Оюу Толгойн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор газар доогуур уурхай байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд уг ажилд 5.1 тэрбум ам.доллар зарцуулж магадгүй гэж “Turquoise Hill” компанийн таван сарын өмнө гаргасан тайланд дурджээ.
Э.АМАР


















