Канад улсын шүүхээс туршлага судаллаа
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн зарим гишүүд 2022 оны 10 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд Канад улсын шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав.
Мэдээллийн алба

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн зарим гишүүд 2022 оны 10 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд Канад улсын шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав.
Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагаас (OУХЭЗБ) хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийн хүрээнд шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд Онтарио муж дахь Гэр бүл, насанд хүрээгүй хүний дагнасан шүүх, Гэр бүлийн хүчирхийллийн хэргийн нэгдсэн шүүх, Онтарио мужийн Дээд шүүх болон Ерөнхий прокурорын яамны Хүүхдэд өмгөөлөл үзүүлэх хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлдэг төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр хэрхэн ажилладаг талаар туршлага судалсан юм.
Онтарио муж дахь Гэр бүлийн хүчирхийллийн хэргийн нэгдсэн шүүх “нэг шүүгч-нэг гэр бүл” гэсэн загвартай бөгөөд харилцан хамааралтай гэр бүлийн маргаан бүхий иргэний хэрэг болон гэр бүлийн хүчирхийллийн эрүүгийн хэргийг эвлэрүүлэн зуучлал, хууль зүйн туслалцааны төвийн оролцоотойгоор нэг л шүүгч хянаж, тухайн гэр бүл, хохирогч, хүүхдийн эрх ашиг, хүсэл зоригийг харгалзан эрүү болон иргэний хэргийг хамтруулан шийдвэрлэх нь оролцогчдыг чирэгдүүлэхгүй байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг богиносгох, шүүхийн зардлыг бууруулах, хохирогчийн аюулгүй байдлыг хангаж, дахин хохирохоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой аж.
Монгол Улсад гэр бүлийн хэргийн дагнасан шүүхийн тогтолцоо, гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулах, шүүх хуралдааны танхимд хүүхэд, хохирогчийн аюулгүй байдлыг хангах стандартыг сайжруулах чиглэлд дүн шинжилгээ хийж, санал зөвлөмж боловсруулахаар туршлага судлах баг санал нэгдсэн байна гэж Монгол Улсын Дээд шүүхээс мэдээллээ.


















