Х.Батсайхан тэргүүтэй төлөөлөгчид батлан хамгаалах бодлогын яриа хэлцэл хийв
Монгол Улсын Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хурандаа Х.Батсайхан тэргүүтэй Батлан хамгаалах яамны төлөөлөгчид 2017 оны 11 дүгээр сарын 19-24-ний өдрүүдэд
Мэдээллийн алба

Монгол Улсын Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хурандаа Х.Батсайхан тэргүүтэй Батлан хамгаалах яамны төлөөлөгчид 2017 оны 11 дүгээр сарын 19-24-ний өдрүүдэд Австрали Улсад албан ёсны айлчлал хийлээ. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хурандаа Х.Батсайхан тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсаас Австрали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү хүлээн авч уулзан, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон.
2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хурандаа Х.Батсайхан тэргүүтэй төлөөлөгчид Австрали Улсын Батлан хамгаалах яаманд зочилсноор албан ёсны айлчлал эхэлсэн. Төлөөлөгчдийг тус улсын Батлан хамгаалах яамны Олон улсын бодлогын газрын Зүүн Хойд Азийн асуудал эрхэлсэн захирал хатагтай КаренРадфорд хүлээн авч, яамныхаа талаар танилцуулан, хамтын ажиллагааны боломжит чиглэлийн талаар харилцан ярилцаж, санал солилцов. Түүнчлэн уулзалтын үеэр Монгол-Австрали Улс нь бүс нутгийн аюулгүй болон тогтвортой байдлыг хадгалах нэгдмэл сонирхлоо хоёр улсын батлан хамгаалах харилцаагаар илэрхийлж байгааг дурьдаад, хоёр талын хамтын ажиллагааны цаашдын төлөв, түүний дотор цэргийн боловсролын сургалт, энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.
Мөн өдрийн үдээс хойш Австрали Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч ДэвидГласс хурандаа Х.Батсайхан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, бүс нутгийн аюулгүй байдал, цэргийн сургалт болон Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаан дахь оролцооны талаар санал солилцов.
Айлчлал хөтөлбөрийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Австрали Улсын Нэгдсэн ажиллагааны командлалын үйл ажиллагаатай танилцаж, Энхийг сахиулах ажиллагааны талаар харилцан санал солилцсон ба Иргэн-цэргийн харилцааны төвд зочлон, үйл ажиллагаатай нь танилцаж, Иргэн-цэрэг-цагдаагийн бие бүрэлдэхүүний хамтын ажиллагаа, сургалт дадлага, сургамж судалгааны асуудлаар харилцан санал солилцлоо. Мөн хоёр орны Зэвсэгт хүчний Энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвүүд хоорондын харилцан ажиллах боломжийн талаар санал солилцсон юм гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.


















