Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Уулзалтаар хоёр талууд Зэвсэгт хүчин тэр дундаа Хуурай замын цэргийн чиглэлд хамтран ажиллах, харилцан туршлага солилцох талаар ярилцаж, чиглэлүүдээ тодорхойлсон юм.
Мэдээллийн алба

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатар гуравдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсад суугаа БНТУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, хурандаа Өзгүр Насым Унсалыг Хуурай замын цэргийн командлалд хүлээн авч, танилцах уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар хоёр талууд Зэвсэгт хүчин тэр дундаа Хуурай замын цэргийн чиглэлд хамтран ажиллах, харилцан туршлага солилцох талаар ярилцаж, чиглэлүүдээ тодорхойлсон юм. Энэ үеэр хурандаа Өзгүр Насым Унсал “Монгол Улсын Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлалууд бие дааж, үйл ажиллагаа нь төгөлдөржсөн нь танай байгууллагаас харагдаж байна” хэмээн баяр хүргээд хоёр орны Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байгааг онцолж байсан юм.
Уулзалтад тус командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн Гадаад харилцааны офицер, хошууч Б.Лхагвадорж байлцав гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.


















