Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар "Хамтын тэтгэврийн тухай хууль"-ийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Тус хуулийн төслийн бүрэн эхийг та бүхэнд хүргэе.
Мэдээллийн алба

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар "Хамтын тэтгэврийн тухай хууль"-ийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Тус хуулийн төслийн бүрэн эхийг та бүхэнд хүргэе.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ХАМТЫН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад 10 ба түүнээс дээш жил хамт амьдарч 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эхнэр, нөхрийн аль нэг нь тэтгэвэр тогтоолгосноос хойш нас барсан тохиолдолд гэр бүлийн хүн нь нөхөр буюу эхнэрийнхээ амьд сэрүүн байх хугацаанд авч байсан тэтгэврийг өөрийн амьдрах хугацаандаа үргэлжлүүлэн авахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хамтын тэтгэврийн тухай хууль тогтоомж
2.1.Хамтын тэтгэврийн тухай хууль тогтоомж нь Нийгмийн даатгалын тухай хууль1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль2, Нийгмийн халамжийн тухай хууль3, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараах иргэн хамаарна:
3.1.1.энэ хуулийн 3.2-т заасан нөхцөлийг хангасан нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авагч Монгол Улсын иргэн;
3.1.2.гэр бүл болсноос хойш 10 буюу түүнээс дээш жил нэг гэрт хамт амьдарсан эхнэр, нөхөр;
3.2.Энэ хуулийн 3.1.2-т “гэр бүл болсноос хойш 10 буюу түүнээс дээш жил хамт амьдарсан эхнэр, нөхөр” гэдэгт гэр бүл болохоос өмнө буюу гэр бүл болсноос хойш эхнэр нөхөр хоёулаа тус бүр 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, өндөр насны тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө хамгийн багадаа 10 буюу түүнээс дээш жил нэг гэрт хамтран амьдарч гэр бүлээ баталгаажуулсан эхнэр, нөхөр хамаарна.
3.3.Энэ хуулийн үйлчлэлд дараах иргэн хамаарахгүй:
3.3.1.өндөр насны тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө хамгийн багадаа 10 буюу түүнээс дээш жил нэг гэрт хамт амьдрахдаа гэр бүлээ баталгаажуулаагүй,
3.3.2.гэр бүлийн баталгаатай мөртлөө тусдаа амьдардаг эхнэр, нөхөр,
3.3.3.20 ба түүнээс дээш насны зөрөөтэй, дахин гэр бүл болж хамт амьдарсан.
4 дүгээр зүйл. Хамтын тэтгэврийг тооцох тухай
4.1. Энэ хуулийн 3.1-д заасан эхнэр, нөхөр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн байна.
4.2. Хамтын тэтгэвэр олгох ажлыг Нийгмийн даатгалын төв байгууллага зохион байгуулна.
4.3. Хамтын тэтгэвэр авахыг хүссэн иргэн өргөдөл, хүсэлтээ энэ хуулийн 6.1-д заасан баримт бичгийн хамт харьяа аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтэст өгнө.
4.4. Харьяалах нийгмийн даатгалын байгууллага нь иргэний хүсэлтийг хүлээн авч бүрдэл хангагдсан гэж үзвэл тухайн тэтгэврийг үргэлжлүүлэн олгох тухай шийдвэр гаргаж “Тэтгэврийн давхар эрхийн гэрчилгээ” олгоно.
4.5. Хамтын тэтгэвэр авах эрх үүссэн иргэний нэгдсэн бүртгэлийг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын тэтгэврийн мэдээллийн цахим санд байршуулна.
4.6. Хамтын тэтгэвэр авах эрх үүссэн иргэний тухай мэдээлэл үнэн зөв орсон, үргэлжлэх хугацаа, олгогдож байгаа эсэх, дуусгавар болох хугацаа зэрэгт Нийгмийн даатгалын төв байгууллага хяналт тавьж ажиллана.
5 дугаар зүйл. Хамтын тэтгэврийн хэмжээ, олгох хугацаа
5.1. Хамтын тэтгэвэр авах эрх үүсч “Тэтгэврийн хамтын эрхийн гэрчилгээ” олгогдсон иргэнд гэр бүлийн гишүүнийх нь амьд сэрүүн байх үедээ авч байсан тэтгэврийн 70 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэврийг олгоно.
5.2. Иргэний өргөдөл, хүсэлтийн дагуу бичиг баримтын бүрдүүлэлт хангагдаж “Тэтгэврийн давхар эрхийн гэрчилгээ” авсан өдрөөс эхлэн тухайн иргэнд давхар тэтгэвэр олгогдож эхлэнэ.
6 дугаар зүйл. Бүрдүүлэх баримт бичиг
6.1.Энэ хуулийн 3.1-д заасан эхнэр, нөхөр дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, харьяа дүүргийн нийгмийн даатгалын байгууллага, эсхүл сумын нийгмийн ажилтанд өгнө:
6.1.1.хамтын тэтгэвэр авахыг хүссэн иргэний өргөдөл, хүсэлт,
6.1.2.гэр бүлийн баталгааг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
6.1.3.нас барсан эхнэр, нөхрийн тэтгэвэр авч байсныг гэрчлэх тэтгэврийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
6.1.4.Эхнэр, нөхрийн нас барсныг тогтоосон гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
6.1.5.Оршин сууж байгаа газрынхаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
7 дугаар зүйл.Бусад
7.1.”Тэтгэврийн хамтын эрхийн гэрчилгээ”-г бусдад худалдах, бэлэглэх буюу барьцаалах, гэрээслэх эрхгүй.
7.2. Хамтын тэтгэвэр авах иргэний эрх өөрийн амьд сэрүүн байх хугацааны туршид үргэлжилнэ.
8 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
8.1.Энэ хуулийг 2015 оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
---оОо---
Тус хуулийн төслийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу...


















