Хар Ямаатын БНГ-ын менежментийн төлөвлөгөөг баталлаа
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон талууд хамтран Хар Ямаатын байгалийн нөөц газарт байгаль хамгааллын менежментийн таван жилийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлж дуусчээ.
Мэдээллийн алба

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон талууд хамтран Хар Ямаатын байгалийн нөөц газарт байгаль хамгааллын менежментийн таван жилийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлж дуусчээ. Энэ хүрээнд өнгөрсөн таван жилийн хугацаанд нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалалд анхаарал хандуулан ажилласан байна. Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ, ач холбогдлын талаарх нутгийн иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, орчны бүсийн сумдын иргэдэд байгальд ээлтэй амьдрах дадал хэвшил, байгаль хамгаалах уламжлалт арга ухаан, ёс заншлыг сэргээн таниулахад чиглэсэн олон ажил хийжээ.
Үүнээс гадна дээрх ажлууд болон зэрлэг амьтан хамгаалал, бэлчээртэй холбоотой хэд хэдэн асуудлыг 2019-2023 онд хэрэгжүүлэх менежментийн төлөвлөгөөний төсөлд тусгажээ. Шинэ төлөвлөгөөг бүх талуудын оролцоотойгоор боловсруулсан бөгөөд Хэнтий, Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчид санал нэгтэй баталж 2019-2023 онд хэрэгжүүлэхээр боллоо.


















