"Хавдрын эсрэг аян" 7 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна
Хавдартай тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд өнөөдөр ХСҮТ-ийн хурлын танхимд “Хавдрын эсрэг аян-2017” хэвлэлийн бага хурал боллоо. Тус хуралд ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл, “ХААН” банк сангийн гүйцэтгэх захирал Ц.Оюунцэцэг,
Мэдээллийн алба

Хавдартай тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд өнөөдөр ХСҮТ-ийн хурлын танхимд “Хавдрын эсрэг аян-2017” хэвлэлийн бага хурал боллоо. Тус хуралд ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл, “ХААН” банк сангийн гүйцэтгэх захирал Ц.Оюунцэцэг, МҮОНТ-ийн захирал Л.Нинжжамц, ХСҮТ-ийн бодлого, хөгжил, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан, ХСҮТ-ийн эмнэлэгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл нар оролцов.
Хэвлэлийн бага хурлын үеэр 2011 онд Хавдар Судлалын Үндэсний төвийн санаачлагаар ХААН банк, МҮОНРТ хамтран орон даяар амжилттай хэрэгжүүлсэн тус аяны үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
Халдварт бус өвчин, түүний дотор хорт хавдар өвчин дэлхий дахины, түүнчлэн манай орны хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт хор хохирол учруулж буй асуудлуудын нэг юм. Манай улсад халдварт бус өвчин хүн амын өвчлөл, нас баралтын үндсэн шалтгаан болсон нь эдийн засаг, нийгмийн хөгжилд асар их дарамт болж байдаг.
Тэгвэл тус аян хэрэгжсэн 7 жилийн хугацаанд ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд давхардсан тоогоор орон нутагт 92 удаа очиж, эрсдэлт бүлгийн 115725 хүнийг үзлэг шинжилгээнд хамруулжээ. Үүнээс 550 хорт хавдартай тохиолдлыг шинээр оношилж, 477 мэс заслын тусламж , эмчилгээ, үйлчилгээг орон нутгийн эмч нартай хамтран хийсэн байна.
Мөн 634 эмчийг ажлын байранд нь дагалдуулан сургаж, 6226 эмч, эмнэлгийн ажилтанд энэ чиглэлийн, ХААН банкны 2509 ажилтны дунд эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалт зэргийг явуулжээ.
Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, тусламж үйлилгээнд тулгамдаж буй асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, үнэн, бодитой мэдээллийг хүргэх, түгээх зорилготойгоор зохион байгуулж байгаа тус хэвлэлийн бага хурлын дараагаар “Хавдрын эсрэг аян -7 жил” баримтат киноны нээлт болж, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг сэтгүүлчдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах юм.


















