Хэнтий аймагт орон сууц эрчимтэй нэмэгдэж байна
Өнөөдөр Хэнтий аймагт барилгын салбар үүсч хөгжсөний 55 жилийн ой тохиож байна. Үе үеийн барилгачид болон ахмад барилгачид тус үйл ажиллагаанд хүрэлцэн ирж оролцож буй юм
Мэдээллийн алба

Өнөөдөр Хэнтий аймагт барилгын салбар үүсч хөгжсөний 55 жилийн ой тохиож байна. Үе үеийн барилгачид болон ахмад барилгачид тус үйл ажиллагаанд хүрэлцэн ирж оролцож буй юм. Өнөөдөр улсын төсвийн хөрөнгөөр 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авч орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсвөөр бүтээн байгуулалтын ажлууд Хэнтий аймагт өрнөж байна. Иймд барилгачид ойгоо арвин их барилга бүтээн байгуулалтын ажлаар угтаж байгаа юм. Энэ талаар Барилга хот байгуулалтын газрын дарга Д.Баярхүүтэй уулзаж ярилцлаа.
-Барилгын салбарт борлуулалтын асуудал яахын аргагүй чухал. Борлуулалтыг нэмэгдүүлэх тал дээр хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Аймаг орон нутгийн хөгжил гэдэг тухайн орон нутгийн хөгжлийг илтгэдэг. Бид хотоо Зүүн бүсийн тэргүүлэх хот болгох зорилготой. Сүүлийн жилүүдэд орон сууцэрчимтэй нэмэгдэж байна. Одоогийн байдлаар 868 орон сууц үндсэндээ ашиглалтад орох гэж байна. Борлуулалтын хувьд гайгүй гэж бодож байна. Зах зээлийнхээ судалгааг аваад хувийн хөрөнгө оруулалтаар нэмж барилга барьж байна.
-Дэд бүтцийг шийдвэрлэхэд ямар асуудал гарч байна?
-Төрөөс газрын асуудлыг хувийн хэвшлийн орон сууц барьж байгаа компаниуддаа шийдэж өгсөн. Мөн улсын төсвийн хөрөнгөөр "Шинэ Өндөрхаан" хороололд 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэвэр, бохир, дулааны асуудлыг бүрэн шийдсэн. Энэ намар ашиглалтад орох гэж байна.
Орон нутгийн хөгжлийн сангаар Чингис хотын доторх цэвэр усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, шугам сүлжээг шинэчлэх ажлыг давхар шийдээд явж байна.
-Чингис хотын иргэдийн хэдэн хувь нь орон сууцанд орсон бэ?
-Судалгаар 30 хувь нь орон сууцанд хамрагдаж байгаа гэсэн дүн баримт байгаа.Ирэх 2016 онд шинээр баригдаж байгаа орон сууцаа нэмбэл 1000 айлын орон сууц бүрэн хэрэгжиж дуусна. Мөн найман хувийн хүүтэй зээл арилжааны банкуудаар хэрэгжиж байгаа.
-Танай нутгийн хувьд барилгын салбарт тулгамдаж байгаа асуудал бий юу?
-Орон нутаг барилгын материалын үйлдвэрлэлүүдийг түлхүү хөгжүүлэх хэрэгтэй байна. Мэдээж барилгын угсралтад орж байгаа түүхий эдийг гаднаас худалдаж авч байгаа.Тиймээс орон нутагтаа тодорхой хэмжээний барилгын материалын үйлдвэрлэлүүдийг бий болгох шаардлага байна гэж бодож байна.
-Барилгын асуудал ярихад яахын аргагүй хөдөлмөр аюулгүй байдал яригдана. Орон нутагт хөдөлмөр аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилладаг вэ?
-Энэ асуудал мэдээж яригдана. Манайх мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажилладаг. Одоогийн байдлаар хөдөлмөрийн аюулгүй байдал ноцтой зөрчигдсөн тохиолдол гараагүй.


















