Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэвлэл мэдээллийн 74 хувь нь улс төрийн шууд болон шууд бус хамааралтай

Хэвлэлийн Хүрээлэнгээс “Хил хязгааргүй сэтгүүлч” олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг” судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Хэвлэл мэдээллийн 74 хувь нь улс төрийн шууд болон шууд бус хамааралтай
Хэвлэл мэдээллийн 74 хувь нь улс төрийн шууд болон шууд бус хамааралтай. Зураг: МҮОНРТ

Хэвлэлийн Хүрээлэнгээс “Хил хязгааргүй сэтгүүлч” олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг” судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

“Монгол улсад хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд эзэмшиж байна. Ялангуяа олон хэрэглэгчидтэй, борлуулалт өндөртэй, хэрэглэгчийн судалгаагаар өндөр рейтингтэй гарсан голлох хэвлэл мэдээллийн хэрэгслийн 74 хувийн эзэмшигч, хөрөнгө оруулагч нь улс төрийн шууд болон шууд бус хамааралтай байна” гэсэн судалгааны дүн гарчээ.

Өнөөдөр Монгол Улсад 500-аад хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс Радио телевиз, сонин, цахим сайт гэсэн дөрвөн төрлөөр 11 телевиз, зургаан радио, 10 цахим хуудас, 12 сонин гэсэн нөлөө бүхий 39 хэвлэл мэдээллийн байгууллагыг сонгон судалгаанд хамруулжээ.

Гурван сарын хугацаанд хийсэн уг судалгаагаар олон ургалч байдал, эрсдэлд учрах байдал хэр өндөр байна вэ гэдгийг мөн дүгнэжээ. Нийт 10 шалгуураар олон ургалч байдал, эрсдэлд учрах байдлыг судлахад нэгд нь мэдээлэл байхгүй учраас дүгнэлт гаргах боломжгүй, үлдсэн есөн шалгуурын тавд нь эрсдэл өндөр гэж гарсан байна. “Учир нь эзэмшлийн ил тод байдлыг хангах зохицуулалт дутмаг байгаа нь өөрөө эрсдэл болж байна“ гэж МХХ-ийн гүйцэтгэх захирал Х.Мөнхмандах ярьлаа.

“Хэвлэл мэдээллийн салбарын онцлогийг харгалзсан төвлөрлөөс хамгаалах зохицуулалт байхгүй үүнийг хариуцсан байгууллага ч байхгүй, мөн үүн дээр хэвлэл мэдээллийн байгууллагад тусгай зөвшөөрөл өгдөг , жишээлбэл өргөн нэвтрүүлгийн байгууллагад тусгай зөвшөөрөл өгдөг, бүртгэдэг байгууллагууд нь төрийн буюу засгийн газрын бүрэлдэхүүнд харьяалалтай, Ерөнхий сайдаас шууд томилдог байгууллагууд байгаа учраас “Зохицуулалтын байгууллагын хараат байдал” нь өөрөө хэвлэл мэдээллийн байгууллагыг хараат байдалд оруулж байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд, хөрөнгө оруулагчдыг өөрсдөө сайн дураараа ил тод байдлыг хангах шаардлага тавьж, ийм зохицуулалтыг бий болгох нь хамгийн зөв алхам байх болно” тэрбээр мөн хэлсэн юм.


Хэвлэл мэдээллийн салбарт зөвхөн өргөн нэвтрүүлгийн байгууллага буюу радио, телевизийн хувьд Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос эзэмшлийн болоод хөрөнгө оруулалтын ил тод байдлыг тодорхой байлгахыг шаарддаг. Тиймээс Радио, телевизийн хувьд төвлөрөл дунд зэргийн байна гэсэн судалгаа гарсан байна. Харин сонин, цахим хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд ийм үүрэг хариуцлага байхгүй учраас төвлөрөл маш өндөр байна гэсэн үр дүн гарчээ.

Сонины 70-80 орчим хувь нь улс төрийн ямар нэгэн хамааралтай, эзэн болоод хөрөнгө оруулагч нь улс төрийн албан тушаал хашдаг, улс төрийн намын гишүүн эсвэл төрийн албан тушаалд ямарваа нэгэн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг хүн байгаа ба эсвэл тухайн хүний эхнэр ах дүү гэх мэт ойр дотны хүн нь байна судалгаа байдаг.

Цаашдаа эзэмшлийн ил тод байдлыг хэвлэл мэдээллийн салбарт бүхэлд нь шаардах, зохицуулах шаардлагатай байгаагаас гадна хэвлэл мэдээллийн салбарын онцлогийг харгалзсан тусгайлсан төвлөрлийг сааруулах, төвлөрлөөс хамгаалах, өөрөөр хэлбэл олон ургалч үзэл бодол, олон ургалч хэвлэл мэдээллийг хамгаалах эрх зүйн зохицуулалт хийх нь маш чухал байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Хэлэлцүүлэгт Хэвлэлийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, Босниа Херцогеваниагийн Хэвлэлийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Лиллиана Зуровак, “Глоб Интернэшл Төв” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, “Ил тод байдал сан” ТББ-ын тэргүүн Д.Цэрэнжав, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Тогтохсүрэн нар оролцлоо.

Хуваалцах