Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт гэж юу вэ?

Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт гэдэг бол хэвлэл мэдээллийн салбарынхан сайн дурын үндсэн дээр мэргэжлийн хэм хэмжээгээ тохиролцож, тэдгээрийг дагаж мөрдөхөд СУРАЛЦАХ ҮЙЛ ЯВЦ юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт гэж юу вэ?
Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт гэж юу вэ?. Зураг: МҮОНРТ

Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт гэдэг бол хэвлэл мэдээллийн салбарынхан сайн дурын үндсэн дээр мэргэжлийн хэм хэмжээгээ тохиролцож, тэдгээрийг дагаж мөрдөхөд СУРАЛЦАХ ҮЙЛ ЯВЦ юм. Энэхүү үйл явц нь олон нийтэд нээлттэй байдлаар явагддаг. Ингэснээр хэвлэл мэдээллийн байгууллагууд мэргэжлийн түвшинд ажиллах, мөн олон нийтийн өмнө хүлээх хариуцлагаа ил тодоор хүлээн зөвшөөрөх чадвартайгаа харуулж буй хэрэг юм.

Өөрийн зохицуулалтын байгууллага хэвлэл мэдээлэлд яагаад хэрэгтэй вэ?
Хэвлэл мэдээллийн консул буюу өөрийн зохицуулалтын байгууллага нь мэргэжлийн хэм хэмжээг түгээн дэлгэрүүлснээрээ хэвлэлд итгэх олон нийтийн итгэл үнэмшлийг хамгаалан бататгадаг. Чөлөөт хэвлэл мэдээлэл гэдэг бол хариуцлагаас ангид хэвлэл мэдээлэл гэсэн үг БИШ гэдгийг олон түмэнд итгүүлж, тэдний дэмжлэгийг хүртэхэд өөрийн зохицуулалтын байгууллага тус болдог. Нөгөө талаар өөрийн зохицуулалт нь мэргэжлийн алдаа дутагдлыг салбарын хүрээнд, мэргэжлийн хэм хэмжээний дагуу шийдвэрлэх боломжийг бий болгоно. Ингэснээр сэтгүүлчид шүүхийн хаалга татах, өндөр хэмжээний торгууль төлөх, тэр бүү хэл эрх чөлөөгөө хязгаарлуулах эрсдлийг бодитой бууруулах боломжтой.

Өөрийн зохицуулалт улс төрийн агуулгатай холбоотой юу?
Хэзээ ч үгүй. Өөрийн зохицуулалт гэдэг бол цензур биш, өөрийн цензур ч биш. Энэ нь ёс зүй, нягт нямбай байдал, хувь хүний эрхтэй холбоотой наад захын хэм хэмжээг тогтоохын сацуу редакцийн хараат бус байдлыг бүрэн хадгалах арга, боломж юм.

Өөрийн зохицуулалт гэж алдаа мадаггүй хэвлэл мэдээллийг хэлэх үү?
Олон нийтийн өмнө шүүмжлүүлж буй хэн бүхэн шүүмжлэлд эмзэг хандах нь түгээмэл байдаг. Тиймээс өөрийн зохицуулалтын байгууллага нь зүй ёсны гомдолд ажил хэрэгчээр хандах, хариу өгөх, алдаагаа засахад хэвлэл мэдээллийнхэнд туслах зорилготой юм. Алдаагаа хүлээн зөвшөөрөх нь мэргэжлийн түвшинд ажиллаж буйн тод илрэл болдог.

Хэн оролцож, хэн дэмжих вэ?
Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагыг бий болгоход санаачлагатай оролцох хүмүүс бол юун түрүүнд хариуцлагатай сэтгүүлзүйн ач холбогдлыг ойлгож, ухамсарласан сэтгүүлч, редактор, хэвлэл мэдээллийн байгууллагын дарга нар байдаг. Хэвлэл мэдээллийн салбарынхнаас гадна хариуцлагатай хэвлэл мэдээллийг эрхэмлэдэг олон нийтийн зүтгэлтэн, иргэний нийгмийн идэвхтэн, сонирхлын бүлгүүд болон хувь хүмүүс өөрийн зохицуулалтын тууштай дэмжигчид байдаг.

Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт олон нийтэд яагаад тустай вэ?
Сэтгүүлзүйн мэдээ мэдээлэл баталгаатай, үнэн байхыг хүсэн хүлээж, тийнхүү шаардах нь иргэдийн хувьд зүйн хэрэг. Тэгвэл сэтгүүлчдийн ёс зүйн дүрэм нь баталгаатай үнэн зөв мэдээллийг бэлтгэхийн тулд баримталбал зохих мэргэжлийн хэм хэмжээг ил тод болгож өгдөг. Харин ёс зүйн зөвлөл нь иргэдэд хүрч буй мэдээллийн “чанарын баталгаа” нь болно. Дундаж иргэний хувьд сэтгүүлчийн бүтээлийн талаарх гомдлоо өөрийн зохицуулалтын байгууллагад илэрхийлэх нь шүүхэд хандсанаас зардал чирэгдэл багатай байдаг. Улс төрчдийн хувьд ч ялгаагүй, гомдлоо шуурхай шийдвэрлүүлэх боломжтой байх давуу талтай. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагууд алдаагаа олон түмний өмнө ил тодоор хүлээн зөвшөөрөх нь улс төрчдөд хамгийн чухал байдаг тул сэтгэл хангалуун үлддэг. Ингэснээр чөлөөт хэвлэлийг дарамтлах, боомилох хүсэл эрмэлзлийг зөөлрүүлэн сааруулах боломжтой. Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт нь төрийн хяналтад байдаг хэвлэл мэдээллийг иргэдийн хяналтад шилжүүлэх үйл явцыг хурдасгаж өгдөг тул ардчиллыг бэхжүүлэх чухал алхам болдог юм.

Өөрийн зохицуулалт хэвлэлийн эрх зүйн орчныг сайжруулж чадах уу?
Өөрийгөө зохицуулж чаддаг хэвлэл мэдээллийн салбарынхан шаардлагагүй хууль гарахаас дараах байдлаар сэргийлж чаддаг.
• Хэвлэл мэдээллийнхэн мэргэжлийн хэм хэмжээгээ мэддэг, тэдгээр хэм хэмжээнд захирагдаж ажиллах ёстойгоо ч ухамсарладаг гэдгийг олон нийтэд болон хууль тогтоогчдод итгүүлнэ.
• Хэвлэл мэдээллийн салбар дахь авилгалыг илчилж, үл тэвчих уур амьсгалыг бүрдүүлнэ.
• Шаардлагатай үед санал гомдлыг шийдвэрлэх арга механизмыг үр дүнтэйгээр ажиллуулж, хуулиар бүх зүйлийг зохицуулах хүсэл эрмэлзлийг сааруулна.

Өөрийн зохицуулалт хэвлэл мэдээллийг зөрчлөөс хамгаалах уу?
Үгүй. Сайн хуультай байгаад ч, ёс зүйн хэм хэмжээтэй байгаад ч, хэвлэл мэдээллийнхэн олон нийтийн хүсэл сонирхлыг БҮРЭН хангаж чадахгүй. Чөлөөт хэвлэл мэдээлэл, тэр дундаа чанарыг эрхэмлэдэг мэдээллийн хэрэгсэл ч ялгаагүй өөрийн нийтэлж, нэвтрүүлсэн баримт, үзэл бодол, магад бусдаас ялгаатай байдлаараа үргэлж хэн нэгнийг эмзэглүүлж, хэн нэгний дургүйцлийг хүргэсээр байх болно. Өөрийн зохицуулалт нь ардчилал дахь хэл ам, дуулиан шуугианыг намсгаж бууруулахыг зорьдоггүй. Харин хэн бүхний хүлээн зөвшөөрч чадахуйц дундын хэм хэмжээг л бий болгож хөгжүүлэхийг хичээдэг. Нөгөө талаар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэдэг бол бусдыг цочоох, тайван байдлыг нь алдагдуулах, эмзэглүүлэх эрхтэй салшгүй холбоотой гэдгийг улс төрчид болон олон нийт хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Тийнхүү цочоож, эмзэглүүлэх шаардлагатай үед хамтаар хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг дагаж мөрдөх нь сэтгүүлчдийн үүрэг, үүнд хяналт тавих нь өөрийн зохицуулалтын зорилго юм.

Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллага

Хуваалцах