Хилийн цэргийн дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар Дорнод аймгийн Хэрлэн сум дахь Монгол Улсын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн нэрэмжит дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасан юм.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар Дорнод аймгийн Хэрлэн сум дахь Монгол Улсын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн нэрэмжит дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасан юм.
Уг шагналыг ёслол хүндэтгэлтэйгээр гардуулан өгөхөөр очсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Хил Хамгаалах Ерөнхий газрын дарга, бригадын генерал Ш.Лхачинжав тэргүүтэй албаны төлөөлөгчдийг Чойбалсан хотод дугаар ангийн бие бүрэлдэхүүн хүндэт харуулын жагсаалтай угтан авав.
Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж, одонг гардуулан өгч, ангийн нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэсэн юм.
Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жил, Халх голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойг тус тус тохиолдуулан Дорнод аймгийн Хэрлэн суман дахь хилийн цэргийн дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасугай” гэжээ.
Одон гардуулах ёслолын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Өнөөдөр та бид Халх голын ялалтын түүхт 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар Монгол Улсын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн нэрэмжит хилийн цэргийн дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасан түүхэн үйл явдалд оролцож байна.
Энэ баярт үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын аюулгүй байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах нэн хариуцлагатай, нэр хүндтэй үүргээ амжилттай биелүүлж, аранзал улаан тугаа төрийн дээд одонгоор мялаалгасан хилийн цэргийн дугаар ангийн хамт олон, үе үеийн хилчид, ахмадуудад чин сэтгэлийн халуун баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Тус анги нь 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, цэрэг улс төрийн цагийн байдал хурцадсан он жилүүдэд төр засаг, ард түмнийхээ өмнө хүлээсэн тангарагт үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн дайчин хамт олон гэдгийг бид мэднэ.
Эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж, баатарлаг гавьяа байгуулсан олон арван эрэлхэг хилчин та нарын энэ л жагсаалаас төрсөн юм. Тэдний түүхэн алдар гавьяаг өнөөдрийн болон ирээдүй хойчийн залуу үе мартах ёсгүй, мартах ч эрхгүй.
Та бүхнийг ахмад үеийнхээ дайчин уламжлал, баатарлаг үйлсийг буухиалан Монгол Улсынхаа тусгаар тогтнол, хил хязгаарынхаа халдашгүй дархан байдлыг хангах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлж, одонт отрядынхаа нэрийг өндөрт өргөж явахын өлзийтэй ерөөл дэвшүүлье” гэв.


















