ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн өнөөдөр Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд аймгуудын Засаг дарга, ЗДТГ, Хөгжлийн бодлогын хэлтэс, ХХААГ-ын удирдлагуудтай анхны цахим хурлаа хийлээ.
Мэдээллийн алба

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн өнөөдөр Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд аймгуудын Засаг дарга, ЗДТГ, Хөгжлийн бодлогын хэлтэс, ХХААГ-ын удирдлагуудтай анхны цахим хурлаа хийлээ. Цахим хурлаар ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн улсын хэмжээнд салбарын зүгээс хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл хийж, аймгуудын Засаг дарга нарын мэдээлэл, санал хүсэлтийг сонслоо. Цахим хуралд ХХААХҮЯ-ны газар, хэлтсийн дарга нар, нийт 19 аймгийн төлөөлөл, албаны хүмүүс оролцож мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил, ургац хураалтын талаар мэдээлэл өгч нийт 52 санал хүсэлтийг салбарын яаманд ирүүллээ.
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн санал нэг бүрийг ул суурьтай судлаж цаг алдалгүй шийдвэрлэхээ илэрхийлээд аймгуудын Засаг дарга, ХХААГ-ын дарга нарт дараах үүрэг чиглэлүүдийг өглөө.
Тодруулбал, МАА-н салбарын өвөлжилтийн бэлтгэлийг орон нутгийн сонгуульд сатааралгүй сайтар хангах шаардлагатай. Есдүгээр сарын дунд үе, сүүлээр нийт нутгаар хур тунадастай, уулархаг нутгаар цас орохыг цаг уурын байгууллагаас анхааруулж байгаа тул хадлан, тэжээл бэлтгэл, ургац хураалтын ажлыг цаг алдалгүй шуурхай явуулахыг үүрэгдэхээс гадна малын гоц халдварт өвчний байдлаар авах арга хэмжээ болон гарч буй зөрчил дутагдлыг арилгах, хорио цээрийн дэглэмтэй аймаг, сумд дэглэмийг чанд сахих, ургац хураалт, мал эмнэлэгийн эмчлэн сэргийлэх тарилга, туулгалт, вакцинжуулалтын ажилд оюутан, цэргийн албан хаагчдыг татан оролцуулах ажлыг мэргэжлийн сургууль, аж ахуйн нэгжүүдийн түвшинд шуурхай зохион байгуулах, тэдгээрийн эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах зэргийг үүрэгдлээ.

Мөн малчдын дулаан хувцасны багц, хүн эмнэлэгийн болон малын эм, бэлдмэлийн багц, хөдөлмөр хамгааллын багаж, хэрэгслийн багцууд, зөөврийн хашаа, саравчийг бэлтгэн танилцуулж захиалгаар нийлүүлэх, мах болон ахуйн хэрэглээний барааны бартерын худалдаа зохион байгуулах замаар өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх зэргээс гадна ирэх өвөл, хаврын бэлчээрийн даацад нийцүүлэн өвөлжилтийн төлөвлөгөө, зураглал гаргах, үүнд гоц халдварт өвчний хорио цээрийн асуудлыг анхаарах, отор, нүүдлийг эртнээс зохицуулах, отроор яваа малчдын бүртгэлийг хөтөлж, эрүүл мэндийг хамгаалахыг сануулав.
Түүнчлэн үндэсний үйлдвэрийг дэмжих, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ, БНХАУ-тай хил залгаа аймгууд хил орчмын худалдааг санаачлан зохион байгуулах, энэ талдаа санал санаачилгатай ажиллах, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан Мал эмнэлэг, үржлийн тасгийн 1 орон тоог хассан Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь, Төв, Хөвсгөл, Хэнтий аймаг 3 орон тоонд нь ажиллуулан мал аж ахуйн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах зэргийг ажил хэрэг болгохыг үүрэг болгожээ.


















