Ходоод, улаан хоолойн хорт хавдар эрт үедээ оношлогдож, бүрэн эмчлэгдэх боломжтой
Улаан хоолой, ходоод гэдэс нь хөндий эрхтэн учир, хорт хавдар ургаж, хөндийгөө дүүргэж зовиур өгөх хүртлээ уддаг гэнэ. Зовиур өгсөн үедээ үсэрхийлэл өгсөн байх магадлал өндөр байдаг. Тиймээс аль болох эрт илрүүлэх нь чухал юм.
Мэдээллийн алба

Улаан хоолой, ходоод гэдэс нь хөндий эрхтэн учир, хорт хавдар ургаж, хөндийгөө дүүргэж зовиур өгөх хүртлээ уддаг гэнэ. Зовиур өгсөн үедээ үсэрхийлэл өгсөн байх магадлал өндөр байдаг. Тиймээс аль болох эрт илрүүлэх нь чухал юм.
Орхон аймагт хорт хавдрын өвчлөл Улсын дунджаас өндөр байна. 2018 оны хагас жилийн байдлаар шинээр 137 хорт хавдрын тохиолдол оношлогдсоноос дан ходоод улаан хоолойн хорт хавдар 30 орчим хувийг эзэлж байна. Харин тухайн хавдрыг эхэн үед оношилсноор бүрэн эмчлэх боломжтой байдаг гэнэ.

Орон нутгаас ходоод улаан хоолойн хавдрыг эрт үед нь илрүүлэн эмчлэх зорилгоор ахмадуудыг дурангийн шинжилгээнд хамруулсан. Үүний үр дүнд Монгол улс нийт ходоодны хорт хавдрын 5-10 хувь нь нэгдүгээр үедээ оношлогддог бол Орхон аймгийн 30-35 хувь нь нэгдүгээр үедээ оношлогдож байгаа юм. Ингэснээр ходоодны хорт хавдрын насбаралт сүүлийн 3 жилд буурсан үзүүлэлттэй гарчээ.
Тодруулбал 2015 онд 49 тохиолдол оношлогдож 35 нь нас барж байсан бол 2017 онд 56 тохиолдол оношлогдож 27 хүн нас барсан. Улаан хоолойн ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдах нь өндөр ач холбогдолтойг Орхон аймгийн туршлага илэрхийлж байна. Тухайлбал иргэн Хээрийнбаатар ходоод улаан хоолойн урьдчилан сэргийлэх дурангийн шинжилгээнд хамрагдаж, хавдрын нэгдүгээр үедээ оношлогдож, эмчлүүлжээ. Тэрээр өнөөдөр эрүүл саруул ажил хөдөлмөрөө эрхэлж байна. Яг ийм аргаар эмчлүүлсэн тохиолдол 40 орчим байгаа гэнэ.

Манай улсад Ийм улаан хоолойн ходоодны хорт хавдрын эрт илрүүлж эмчлэх нэгдсэн бодлого байхгүйгээс жил бүр маш олон иргэн хорвоогийн мөнх бусыг үзэж байна. Тиймээс эрүүл мэндийн яамнаас бодлогын түвшинд системтэйгээр анхаарах,иргэд өөрсдөө эрүүл мэндийн мэдлэг боловсролоо дээшлүүлж, тогтмол үзлэг оношлогоонд хамрагдаж хэвших шаардлагатай байгаа гэдгийг эмч мэргэжилтэн онцолж байна. Дашрамд дурдахад Орхон аймагт өнөөдрийн байдлаар хавдраар хяналтад 926 иргэн байгаа юм. Харин 2014-2018 он хүртэл нийт 647 хүн нас барсан. 2018 он гарснаас хойш 66 хүн нас бараад байгаа харамсалтай дүр зураг байна.
Хамгийн гол нь эрт үед нь илрүүлээгүй, хавдрын эцсийн шатанд оношлогдож, жил хүрэхгүй хугацаанд амь насаа алдсаар байна. Тиймээс хүн бүр урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд сайн дураараа хамрагдаж хэвших шаардлагатай байна.

Сэтгүүлч. А.Саранчимэг


















