Хог хаягдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд “Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөллөөс болон байгаль орчны тэнцэ
Мэдээллийн алба

Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд “Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөллөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүрэг хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Гэвч жил ирэх тутам нэмэгдсээр байгаа их хэмжээний хог хаягдлын улмаас газрын хөрс, ус, агаар бохирдож, халдварт өвчин гарах нөхцөл бүрдүүлж, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа учраас одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хог хаягдлын тухай хууль нь тухайн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй, өнөөгийн шаардлага хангахгүй байна гэж Ц.Оюунгэрэл нарын УИХ-ын нэр бүхий 13 гишүүн үзсэн юм. Эдгээр гишүүд Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан өнгөрөгч зургаадагуур сард УИХ-д өргөн барьсан юм.
Харин уг шинэчилсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хуулийн нэр томъёоны тодорхойлолт зэрэг зарим хэм хэмжээг байгаль орчны болон эрүүл мэндийн холбогдох мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн томъёолсон. Түүнчлэн Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын конвенцийн заалт, байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагын зөвлөмжийг үндэслэн иргэдийн байгаль орчны боловсрол, ухамсарыг дээшлүүлэх, хог хаягдлыг багасгах, дахин боловсруулах чиглэлд онцгойлон анхаарсан. Хог хаягдлыг саармагжуулах, хаях, цуглуулах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах, импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, хог хаягдлын байгууламжийг дэмжих журмыг хуулийн төсөлд нарийвчлан тусгасан гэдгээ хэлсэн юм.
Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул байнгын хорооны саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75.0 хувь дэмжлээ. Иймээс хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Нэмж мэдээлэхэд, энэхүү хуулийн төсөл нь 6 бүлэг, 40 зүйлтэй.


















