Хошууч генерал Б.Амгаланбаатар Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажиллав
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатар 4 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажиллалаа.
Мэдээллийн алба

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатар 4 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажиллалаа. Тэрбээр өнгөрсөн сард Зэвсэгт хүчний 167, 327 дугаар ангиудад ажилласан бол энэ удаа түүхт 100 жилийнхээ ойтой золгож байгаа Ховдын хороонд ажиллаж, Хуурай замын цэргийн командлалын 2021 оны үйл ажиллагааны гүйцэтгэл, 2022 оны зорилго, зорилтын хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэж, ангийн цэргийн байр, бусад объектуудын нөхцөл байдалтай танилцаж, бие бүрэлдэхүүнд штабын бэлтгэлжилт, бэлэн байдал, цэргийн сургалт бэлтгэл, нийгмийн хамгаалал, алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага, хөдөлмөр хамгаалал зэрэг олон сэдвээр үүрэг чиглэл өгсөн юм.
Хошууч генерал Б.Амгаланбаатар хэлсэн үгэндээ “Орчин цагийн Зэвсэгт хүчинтэйгээ нас чацуу шахам хэдхэн анги байдгийн нэг нь Зэвсэгт хүчний 123 дугаар анги юм. Түүхт 100 жилийн ойгоо тохиолдуулан хамт олноороо олон бүтээлч ажил өрнүүлж, орон нутагтаа батлан хамгаалах бодлого сурталчлах нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлж байгааг аймгийн удирдлагууд онцлон тодотгож байна. Ахмад үеийнхээ үйл хэрэг, алдар гавьяаг ямагт санан суралцаж, эх орныхоо ирээдүй болсон хүүхэд залуустаа өвлүүлэх, тэдэнд цэрэг-эх оронч, үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэн ёс суртахуун, сэтгэл зүйн болон бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй иргэд болгон төлөвшүүлэх нь Та бидний залуу хойч үеийнхээ өмнө хүлээсэн эрхэм үүрэг учир түүхэн ойгоо энэ чиглэлд тодорхой хэмжээгээр тэмдэглэн өнгөрүүлэх учиртай” хэмээгээд алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж, хувь хүний ур чадвар, бэлтгэгдсэн байдал, хөдөлмөр зүтгэлээс Хуурай замын цэргийн хөгжил, шинэчлэл хамаарч байдгийг мөрдэстэй бүхэн ухамсарлаж ажиллахыг санууллаа.
Хуурай замын цэргийн командлагчийг дагалдан ХЦЗК-ын Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн хэлтсийн дарга, хурандаа Т.Тогмиддүүмий тэргүүтэй ажлын хэсгийнхэн ажиллаж байна. Албаны бүрэлдэхүүн энэ өдрүүдэд Зэвсэгт хүчний 256 дугаар ангид үргэлжлүүлэн ажиллах юм гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.


















