Хотгорын нүүрсний уурхайн ажилтай танилцжээ
Увс аймгийн Засаг даргын А/401 тоот захирамжжийн дагуу Увс аймгийн Бөхмөрөн суманд олборлолт явуулж буй нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаа,
Мэдээллийн алба

Увс аймгийн Засаг даргын А/401 тоот захирамжжийн дагуу Увс аймгийн Бөхмөрөн суманд олборлолт явуулж буй нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаа, ялангуяа өвлийн ид ачааллын бэлтгэлтэй танилцах, зарим чиглэлд тодорхой шалгалт хийх ажлын хэсэг 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан байна. Ажлын хэсгийн ахлагчаар ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлт томилогдож ажлын хэсэгт багтсан хэлтэс, агентлагуудын дарга мэргэжилтнүүдийн хамт өчигдөр Хотгорын уурхайд ажиллажээ.

Бөхмөрөн сумын хоёрдугаар багийн нутагт үйл ажиллагаагаа явуулдаг “Хотгор” ХХК-ийн хүүрсний уурхай нь Бөхмөрөн сумаасаа 58 км, Улаангомоос 120 км-р оршдог юм. 1963 онд байгуулагдсан 51.25 га талбайтай, 1992 онд хийгдсэн Геологийн нарийвчилсан хайгуулаар 166.6 сая тонны нөөцтэй гэж тогтоогдсон байдаг байна.

2017 онд 60.0 мян.м3 хөрс хуулж, 60.0 мян.тонн нүүрс олборлохоор төлөвлөн ажиллаж байгаа ажээ. Тус компани нь Сүүлийн 3 жилд улсын болон орон нутгийн төсөвт 1 тэрбум 161 сая төгрөгийн орлого оруулсан баримт мэдээллээ танилцуулсан ба 2016 онд Баян-Өлгийн аймагт 304 сая, Увс аймагт 104.3 сая, 2017 онд Увс аймгийн Татварын хэлтэс болон Бөхмөрөн суманд төлсөн татвар, ард иргэдэд үзүүлсэн дэмжлэг нийтдээ 76 орчим сая төгрөг гэсэн дүнг уурхайн удирдлагуудаас ажлын хэсгийнхэнд танилцуулсан байна.

Ажлын хэсгийн зүгээс хариуцсан чиглэлийнхээ дагуу шалгалт хийсэн ба цаашид аймаг болон сумтай гэрээгээ шинэчлэн хийж Увс аймаг болон Бөхмөрөн суманд оруулах таварыг нэмэгдүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийг дээшлүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагтайгаа байнга хамтран ажиллах, зарим татварын шимтгэлээ Увс аймгийн Татварын хэлтэс рүү шилжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж 2018 оны 1 сараас Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах гэрээгээ шинэчлэн байгуулж, аймаг, орон нутагтай шинэчилсэн гэрээний дагуу хамтарч ажиллахаар болжээ.




















