Ховд аймгийн Мөнххайрхан сумаас Түрэгийн үеийн оршуулга олджээ
Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн нутаг Үзүүр гялан гэх газраас нэн эртний байж болох хадны оршуулга олдсон байна.
Мэдээллийн алба

Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн нутаг Үзүүр гялан гэх газраас нэн эртний байж болох хадны оршуулга олдсон байна. Түүхийн дурсгал болох уг олдворыг Орон нутгийн судлах музей Ховд их сургуулийн Түүх, эрхзүйн тэнхимийн судалгааны хамтарсан баг археологийн авран хамгаалах малтлага хийж орон нутгийнхаа өв соёлын хүрээлэнд хүлээлгэн өгчээ.

2015 оны 10 дугаар сард Улсын үл хөдлөх дурсгалыг бүртгэн баримтжуулах ажлын хүрээнд Ховд аймгийн орон нутгийг судлах музейн хээрийн судалгааны багийнхан Мөнххайрхан суманд ажиллаж байхдаа Борт багийн нутаг Үзүүр гялан гэх газар хадны оршуулга байгааг тогтоожээ. Тухайн үед аймаг сум орон нутгийн удирдлагуудад танилцуулж зохих зөвшөөрөл авсны дагуу Ховд аймгийн орон нутгийг судлах музей Ховд их сургуулийн Түүх эрхзүйн тэнхимийн судалгааны хамтарсан баг бүрэлдэхүүн энэ сарын 1-3-ны хооронд археологийн авран хамгаалах малтлага хийж авчран уг олдворыг Өв соёлын хүрээлэнд байрлуулаад байна. Энэ нь Ховд аймгийн орон нутгийн судлах музейн судалгааны багийнхан аймгийнхаа нийт сумдад ажиллаж улсын үл хөдлөх дурсгалыг бүртгэн баримтжуулах ажлын үр дүн болж байна.
Хадны оршуулга нь мөнх цэвдэгтэй өөрөөр хэлбэл, далайн түвшнээс дээш 2800 метрийн өндөрт 2-3 метрийн гүнд байсан ба тухайн хүнийг хувцас, эдэлж хэрэглэж байсан зүйлтэй нь мөн эмээл, хазаартай морьтой нь хамт оршуулсан байх бөгөөд эмэгтэй хүний оршуулга байх магадлалтай гэж үзэж байна. Уг оршуулга нь энэ олон жилийн туршид бараг хэвээрээ шахам хадгалагдаж байсныг харахад, нөгөө талаар оршуулгаас олдсон эд өлгийн зүйлс, оршуулгын зан үйлийн харьцуулсан судалгаагаар судалгааны багийнхан уг олдворыг 6-8 дугаар зууны буюу Түрэгийн үеийн оршуулга болохыг тогтоогоод байна.
Энэхүү олдвор нь одоогоор Ховд аймагтаа төдийгүй Монгол Улсын хэмжээнд бүтнээрээ олдсон анхны хадны оршуулгад тооцогдож байна. Тийм болохоор энэхүү олдворын он тооллыг тогтоох, сэргээн засах, уг олдворыг орон нутагтаа хадгалах хамгаалах асуудлыг зохих хууль журмын дагуу шийдвэрлэх шаардлага тулгарч байна.
Хадны энэхүү оршуулга нь Ховд аймгаас олдсон хоёр дахь олдвор болж байна. Анхных нь 2013 онд Мөст сумын Улаан хад гэх газраас олдож байжээ.
Х.Эрдэнэбаатар


















