Хулгайн анчид хүзүүвчтэй цагаан зээр агнажээ
хулгайн анчид сар шинийн баярын өмнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Яхь нуурын байгалийн нөөц газарт 14 цагаан зээр агнажээ
Мэдээллийн алба

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд Монгол орны зүүн бүсэд шинээр байгуулагдах төмөр замд зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах зорилгоор 2016 оноос эхлэн хамтын судалгаа явуулж байгаа аж. Түүнчлэн энэ ажлын хүрээнд тодорхой тооны цагаан зээр барьж, сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлгэжээ. Гэвч хүзүүвчтэй цагаан зээр хулгайн анчдын дуранд өртсөн байна. Тодруулбал, хулгайн анчид сар шинийн баярын өмнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Яхь нуурын байгалийн нөөц газарт 14 цагаан зээр агнажээ. Эдгээр зээрийн ихэнх нь нас бие гүйцсэн ооно байсан бөгөөд хүзүүвчтэй зээр ч байсан аж.
2017 оны арваннэгдүгээр сараас хойш сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлгэсэн таван цагаан зээр хулгайн ангийн золиос болжээ. Энэ талаар судлаачид “Бид маш цөөн тооны зээрэнд хүзүүвч зүүдэг. Гэтэл олон зуун зээрээс хүзүүвчтэй зээр хулгайн анд өртсөн нь энэ төрлийн хууль бус агнуур эрс нэмэгдэж байгаагийн нотолгоо” гэв.




















