Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд орж ирэх тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөллөө
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Гаалийн албан татвараас чөлөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Мэдээллийн алба

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Гаалийн албан татвараас чөлөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Манай улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2011 онд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн хүрээнд дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр Австрийн Засгийн газраас олгогдох хөнгөлөлттэй зээлийг ашиглахаар болоод байгаа. Эдгээр төслийг амжилттай хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, төслийн үр ашгийг хангах зорилгоор төслийн хүрээнд нийлүүлэгдэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыг гаалийн албан татвараас чөлөөлөх шаардлагын дагуу энэ хуулийн төслийг боловсруулаад байгаа юм.
Хуулийн төсөл батлагдсанаар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас олгох 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг орон нутгийн усан хангамж, эрүүл мэнд, нийгмийг аюулаас хамгаалах зэрэг салбаруудад ашигласнаар нийгэм, эдийн засагт учирч болзошгүй аливаа сөрөг үр дагаврыг арилгах, эрсдлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.
Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг дэмжжээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул байнгын хорооны горимын саналыг дэмжих санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.6 хувь нь дэмжсэн юм. Иймээс хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүдийн 63.8 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа.


















