Хүний генийн материал бүхий сансрын банкийг тойрог замд гаргажээ
Хятадын “Шанхай мэнвэй текноложи” компани түүхэнд анх удаа хүний генийн материал бүхий сансрын банк “DSB-01”-ийг үүсгэснээ тойрог замд амжилттай гаргажээ.
Мэдээллийн алба

Хятадын “Шанхай мэнвэй текноложи” компани түүхэнд анх удаа хүний генийн материал бүхий сансрын банк “DSB-01”-ийг үүсгэснээ тойрог замд амжилттай гаргажээ.
Хятадын телевизээр ням гарагт энэ тухай мэдээлснийг ОХУ-ын "ТАСС" агентлаг уламжиллаа. Уг санг өнгөрөгч пүрэв гарагт хойд Хятадын Шаньси мужид байдаг Тайюань сансрын буудлаас “Чанжэнь-4” тээгч пуужин ашиглан сансарт илгээсэн байна.
Хятадын найман иргэнээс авсан генийн материалыг сансрын цацраг туяаны нөлөөнд үл өртөх тусгай саванд савласан бөгөөд 1000-аад жил найдвартай хадгалагдана гэж төсөл хэрэгжүүлэгчид нотолж байна.
Бидний аж төрж байгаа дэлхий ойрын 400 жилд нөөц баялаг нь шавхагдаж, хүн ам хэт олширсны улмаас хүн амьдрах аргагүй болно гэсэн мэргэжилтнүүдийн тооцоог Хятадын телевиз мэдээлэлдээ мөн иш татжээ.
Улмаар генийн мэдээлэл бүхий дээрх сангийн тусламжтай хүн төрөлхтний шинэ соёл иргэншлийг бүтээхээр тооцоолж байна. “Шанхай мэнвэй текноложи” компани цаашдаа нэг сая орчим дээж бүхий сансрын генийн банк байгуулахаар төлөвлөжээ.



















