Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хүний хөгжлийн төлөө" зөвлөгөөн эхэллээ

Аймгийн Засаг даргын санаачилгаар "Хүний хөгжлийн төлөө" нийгмийн салбарынхны зөвлөгөөн өнөөдөр Чойбалсан хотод эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
"Хүний хөгжлийн төлөө" зөвлөгөөн эхэллээ
"Хүний хөгжлийн төлөө" зөвлөгөөн эхэллээ. Зураг: МҮОНРТ

Аймгийн Засаг даргын санаачилгаар "Хүний хөгжлийн төлөө" нийгмийн салбарынхны зөвлөгөөн өнөөдөр Чойбалсан хотод эхэллээ. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нийгмийн салбарын үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа үнэлж цэгнэх, цаашдын зорилгоо тодорхойлох зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм. Зөвлөгөөнд аймгийн ЗДТГ болон аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Биеийн тамир спортын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, аймгийн ХДТ,музей, номын сан, сумдын ИТХ-н дарга, засаг дарга нар, сумдын Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш, нийгмийн ажилтанууд, Хэрлэн сумын 10-н багийн нийгмийн ажилтанууд, нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.

Аймгийн Засаг дарга зөвлөгөөнд тавьсан илтгэлдээ Хөгжлийн гол хүч нь хүний хөгжил байдаг болохоор аймгийн зүгээс хүний хөгжил,тэр дундаа хүүхдийн хөгжлийн асуудалд анхаарал хандуулж байгаагаа онцлсон юм. Бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт бол хүний нүдэнд ил харагддаг бол хүний хөгжилд оруулсан хөрөнгө оруулалт нь урт удаан хугацааны туршид үр дүнгээ өгдөг. Эрүүл мэнд,боловсрол, соёл урлагаар дамжин хүний хөгжлийн чанар харагддаг. Монгол Улсын хүний хөгжлийн индексээр манай аймаг 2000 оны эхэнд 21 аймгаас сүүлийн байранд ордог байсан бол 2014 онд хүний хөгжлийн индексээрээ улсад эхний 5-р байранд орж байгаа нь аймгаас нийгмийн салбартаа хөрөнгө оруулалтыг хийснээр хүрсэн үр дүн юм. Энэ нь 2014-2015 оны хичээлийн жилд элсэлтийн ерөнхий шалгалтанд улсдаа тэргүүлсэн, Монгол Улсын шилдэг багш тодорсон зэрэг амжилтуудаас харагдаж байна.

Нийгмийн салбарын ажилтан алба хаагч нараа чадавхижуулах зорилгоор гадаад дотоодод туршлага судлах,эрдэм шинжилгээний хурал,судалгааны ажилд оролцох, ажиллах орчинг сайжруулах,ажлын багаж зэвсгээр хангах, шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, урлаг спортын уралдаан тэмцээнд баг тамирчид, уран бүтээлчидээ оролцоход нь, уран бүтээл туурвихад нь дэмжлэг үзүүлсээр байна. Нийгмийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт нь эзэндээ шууд хүрдэг ч олон нийтэд тэр болгон хүрэх нь ховор байдаг. Аймгийн тухайд иргэдээ боловсролтой, эрүүл, авьяаслаг болгох, эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчинг бүрдүүлэхийн тулд хөгжлийн хөтөч болсон хүний хөгжлийг хөгжүүлэн дэмжих ажлаа эрч хүчтэй үргэлжлүүлэх юм. Чухам энэ зорилгоор амжилт ололтоо тайлагнан, хоцрогдож яваа зарим нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх арга замуудыг нийгмийн салбартаа ажиллаж яваа алба хаагч нартайгаа хамтран тодорхойлохоор энэ зөвлөгөөнийг өргөн хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Зөвлөгөөн 2 өдөр үргэлжлэх бөгөөд эрүүл мэнд, спорт, хүүхэд боловсрол, соёл урлаг гэсэн чиглэлүүдээр салбар зөвлөгөөнүүдийг хийж салбар хуралдаанаас зөвлөмж гарган нэгдсэн хуралдаанд оруулснаар нийгмийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах Зөвлөмж гаргах ажээ.

Хуваалцах