Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарыг эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх гол салбар гэв

Эдийн засгийн хүндрэлийг гэтлэн давах ажлын хэсгийн төлөөлөл УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Х.Нямбаатар, Б.Батзориг нар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны бодлого, хөтөлбөр, хийж хэрэгжүүлэх ажилтай танилцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарыг эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх гол салбар гэв
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарыг эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх гол салбар гэв. Зураг: МҮОНРТ

Эдийн засгийн хүндрэлийг гэтлэн давах ажлын хэсгийн төлөөлөл УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Х.Нямбаатар, Б.Батзориг нар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны бодлого, хөтөлбөр, хийж хэрэгжүүлэх ажилтай танилцлаа. Монгол улсын эдийн засгийн өсөлт саарсан энэ үед Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар гол эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж Засгийн газар, Улсын их хурал үзэж байна. УИХ-ын хурлын гишүүд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ажилтай танилцах үеэр гишүүд дараах асуудлыг хөндөж байлаа.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар малын бүтээгдэхүүнийг боловсруулах тогтолцоог тодорхой болгох, Хөдөө аж ахуйн салбарт ямар дэмжлэг төрөөс үзүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар олгогдсон зээлийн үр дүнгийн талаар асуулт асууж тодруулга авлаа. Мөн хөдөө аж ахуйн салбарын нэг бүтээгдэхүүнийг брэнд болгох саналыг илэрхийлсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулах асуудлыг хөндсөн. Тэрбээр уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулах, малыг эрүүлжүүлэх, тэжээлийн ургамал тариалж бэлтгэх, малын үйлдэр угсааг сайжруулах, эхний ээлжинд махны дотоодын хэрэгцээг хангах нь чухал гэдгийг онцлов. Мах болон сүүний чиглэлийн үхрийн фермийг эхний ээлжинд газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ, Дархан, Орхоны бүсэд хөгжүүлэх, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, мөн гахай тахианы фермийн аж ахуйг монголд хөгжүүлэх нь чухал буйг тодотголоо. Ингэснээр монголд байгаа томоохон сүлжээ рестранууд гаднаас импортоор энэ төрлийн мах авч долларын урсгалыг гадгашлуулах байдлыг сааруулах боломжтой юм. УИХ –ын гишүүн Ж.Энхбаяр Хөдөө аж ахуйн салбарт боловсон хүчний бодлого алдагдаж, боловсрол шинжлэх ухаан судлагааны байгууллага нь салсан байдалтай уялдаагүй байгааг шүүмжилсэн. Манай улс үндэсний үйлдвэрээ хөгжүүлье гэвэл малын түүхий эдийн чанарыг сайжруулах хэрэгтэй гэсэн саналыг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Монгол улс мал аж ахуйн орон. Тиймээс мал сүргээс хүртэх ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд уураг өндөртэй тэжээлийн ургамал тариалж дотоодын хэрэгцээг хангах, цаашлаад экспортонд гарах цаг болсон. Тэрээр өнгөрсөн хугацаанд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгосон зээл бодит үр дүнгээ өгч байгаа эсэхийг нягталж, бодиттой үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжийг дэмжих нь зүйтэй гэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт хөдөө аж ахуйн салбарыг дэмжиж, импортыг орлох экспортыг дэмжин эдийн засгийн хүндрэлээс гарах алхамыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам тавих нь чухал байгааг УИХ-ын гишүүн Б.Батзориг онцлов. Мөн хөдөө аж ахуйн салбарын эрхзүйн орчныг бүрдүүлэх, хөдөө аж ахуйн бирж ажлуулж ченжийн гар дамжиж малчид тариаланчид үр ашгыг нь шударга бусаар бага хэмжээгээр хүртдэг байдлыг халах, атрын гуравдугаар аяныг үргэлжүүлэх, халх голын эмзэг хөрсийг эргэлтэнд оруулахдаа онцгой анхаарах гэсэн асуудлыг тэрээр хөндсөн юм .

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ дотоодын сүүний хэрэгцээг хангах, чацаргана зөгийн балыг экспортонд гаргах, 2016 онд хүнсний ногооны хэрэгцээг 54 хувь хангаж байгаа бол үлдсэн 45 хувийг хангахын тулд ямар бодлого чиглэлтэй ажиллах талаар тодруулга авч санал солилцсон юм.

Дээрх УИХ-ын гишүүдийн асуултанд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн хариулж, цаашид хөдөө аж ахуйн салбарт бодлого, эрхзүйн шинэчлэлийг хийнэ гэдгээ илэрхийлсэн юм.

Эх сурвалж:ХХААХҮЯ

Хуваалцах