Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хурдан морины өвөл, хаврын уралдааныг эсэргүүцлээ

Монгол Улсад хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Үндэсний төрийн бус байгууллагуудын сүлжээ, эвсэл болон Олон улсын байгууллагууд хурдан морины хаврын уралдааныг эсэргүүцэж, өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Хурдан морины өвөл, хаврын уралдааныг эсэргүүцлээ
Хурдан морины өвөл, хаврын уралдааныг эсэргүүцлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Үндэсний төрийн бус байгууллагуудын сүлжээ, эвсэл болон Олон улсын байгууллагууд хурдан морины өвөл, хаврын уралдааныг эсэргүүцэж, өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

“Дүнжингарав” уралдааныг 2008 оноос хойш хаврын тэргүүн сард Засгийн газрын шийдвэрээр уламжлал болон зохион байгуулж ирсэн ч Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тушаалаар жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон байдаг юм.

Гэтэл дээрх тушаалыг үл ажран Засгийн газрын тогтоолоор хаврын уралдааныг 2016 оны гуравдугаар сарын 2-нд зохион байгуулсан. Энэ жил ч тус уралдааныг зохион байгуулахаар тов зарлаад байна.

Сүүлийн таван жилд 1500 гаруй хүүхэд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээний үед мориноос унаж, хүнд болон хөнгөн гэмтэж олон хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй үлджээ. Улмаар 10 гаруй хүүхэд амь насаа алдсан харамсалтай мэдээ байна. Мөн өвөл, хаврын уралдаан нь хүүхдийг хүнд хөдөлмөр эрхлүүлж аюулд учруулах нэгэн хэлбэр бөгөөд сурч боловсрох эрхийг нь хаагдуулж, эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл учруулан хүүхдийг хамгаалах эрхийг ноцтой зөрчиж байгаа явдал гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр онцолж байлаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны А/36 тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг хэрэгжүүлэхэд Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар онцгой анхаарч, хаврын улиралд хурдан морины уралдаанд хүүхэд оролцохыг улсын хэмжээнд хатуу хориглохыг Хүүхдийн эрхийн “Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэл”-ийн дэд зохицуулагч Б. Болорсайхан уриалж байна. Тэрбээр “Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс хүүхдийн эрүүл мэнд, амь насанд хортой үйл ажиллагааны талаар өөрсдийн байр сууриа нэгтгэн дуугарч байна. Ялангуяа өвлийн цагт хурдан морь уралдуулж байгаагийн улмаас хүүхдийн эрүүл мэнд, амь насанд халтай үзэгдэл удаа дараа гарч байна. Энэ нь буурахгүй улам нэмэгдэж байгаа учраас бид сэтгэл зовниж энэхүү хэвлэлийн бага хурлыг хийж байгаа юм. Түүх, ёс уламжлалыг судлаад үзсэн ч хурдан морины уралдааныг өвөл зохион байгуулдаггүй байсан нь тодорхой байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаа гаргасан тодорхойлолт нь ч хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гэдэгт Хүүхдийн эрүүл мэнд болон ёс суртахуунд сөргөөр нөлөөлж байгаа аливаа хөдөлмөрийн үйл ажиллагааг хэлнэ гээд үүнийг тэвчишгүй хэлбэрт тооц гэсэн байдаг. Хүүхэд ч гэсэн өөрөө сэтгэл санааны дарамтад орж, бие махбод, эрүүл мэндээр хохирч, амь насаа алдаж байгаа тохиолдол нь хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл юм гэдгийг нэгдүгээрт хэлж байна. Хоёрдугаарт, Хүний эрхийн үндэсний комиссын зүгээс удаа дараа үе үеийн Засгийн газарт, Ерөнхий сайд нарт өвлийн уралдаан, Цагаан сарын дараа эхэлдэг “Дүнжингарав” уралдааныг хойшлуулах асуудлыг хөндөн тавьдаг. Гэсэн ч Засгийн газраас өвөл, хаврын уралдааныг хориглохгүй байна. Тиймээс бид энэ удаад ч бас дуу хоолойгоо нэгтгэн эсэргүүцлээ илэрхийлж байна" гэлээ.

Хэвлэлийн хурлын үеэр хурдан морь унадаг хүүхдүүд хамгаалалтын хувцас өмсөж байгаа ч мориноосоо унаж бэртэх, улмаар амь насаа алдах тохиолдол нэмэгдсээр байгааг онцолж байлаа.

Л.Сайнбаяр

Хуваалцах