Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив
Монгол Улсын Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан УИХ-аас 2014 оны 12 дугаар сарын дөрөвний өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг шинэчлэн баталсан.
Мэдээллийн алба

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өнөөдөр Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Монгол Улсын Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан УИХ-аас 2014 оны 12 дугаар сарын дөрөвний өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг шинэчлэн баталсан.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль шинэчлэн батлагдсанаар хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого болон гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэлийн асуудал Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах болсон тул Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу хуучин төрийн захиргааны төв байгууллага /Эдийн засгийн хөгжлийн яам/-ын хэрэгжүүлж байсан чиг үүргийг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа холбогдох төрийн захиргааны байгууллагад шилжүүлж, нэр томьёог уг хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай үүсчээ. Иймд Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 6 зүйлтэй хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах төрийн захиргааны байгууллага тодорхой болох ч хуулийн төсөлтэй холбогдуулан орон тоо, төсөвт нэмэлт, өөрчлөлт орохгүй гэдгийг хуулийн төслийг өргөн барих үеэрээ УИХ-ын даргад танилцуулав.


















