Хүүхдээ зориулалтын суудалд суулгахыг анхааруулж байна
Тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа осолд өртсөн хүүхдүүдийн 70 хувь нь зориулалтын суудалд сууж зорчоогүйгээс шалтгаалсан байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/97 дугаар захирамж гаргаж, долоон чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон.
Замын цагдаагийн газраас гаргасан судалгаагаар 2013 орон нутагт 30, нийслэлд долоон хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан байна. Нийслэлд хүүхэд өртсөн зам тээврийн ослын тохиолдол 1107 бүртгэгдсэн нь урьд оны үзүүлэлтээс 29.9 хувиар буурсан хэдий ч гэмтлийн зэрэг өсчээ. Бүртгэгдсэн зам тээврийн осолд өртсөн хүүхдийн 76.8 хувь нь явганаар, 21.4 хувь нь тээврийн хэрэгслээр зорчигч, 1.3 хувь нь дугуйгаар, 0.5 хувь нь бусад тохиолдлоор замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртөж хохирсон байна. Осолд өртсөн хүүхдийг насны байдлаар ангилвал 8-14 насны хүүхэд 44.2 хувийг, 0-7 хүртэл насны хүүхэд 38.4 хувийг, 15-17 насны хүүхэд 17.4 хувийг эзэлсний 62.6 эрэгтэй, 37.4 хувь нь эмэгтэй хүүхэд гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа осолд өртсөн хүүхдүүдийн 70 хувь нь зориулалтын суудалд сууж зорчоогүйгээс шалтгаалсан байна.
Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэх зориулалтын нэмэгдэл суудлын стандартын талаар холбогдох хууль тогтоомжинд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж танилцуулах, жолооч нарт зориулалтын хүүхдийн нэмэгдэл суудлыг хэрэглэж хэвшүүлэхэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Замын цагдаагийн газарт үүрэг болгосон юм.


















