Хүүхдийн эрхийг хамгаалах лобби бүлэг байгуулна
НББСШУ-ы байнгын хороо өчигдөр цаг сунгаж хуралдаж Хүүхдийн эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Мэдээллийн алба

НББСШУ-ы байнгын хороо өчигдөр цаг сунгаж хуралдаж Хүүхдийн эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Сүүлийн үед нийгмийг цочроосон хүүхдийн хүчирхийллийн хэргүүд хэнгэрэг дэлдэх болсонтой холбогдуулан энэ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх хуралдаан ч мөн халуухан боллоо.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Хүүхдээ чимхэснийхээ төлөө эрүү үүсгэгдээд байх вий, таван салаа боов өглөө гээд цагдаад дуудагддаг болох хууль хийж болохгүй” гэхэд УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Эрчүүд ер нь хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн тухай ярихаар л дандаа хуулийн хүчийг бууруулах туйлширсан хандлага гаргаад байх юм. Ийм юм ярьж хууль унагаах асуудал байхгүй. Би хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр парламентаас хяналт тавих лобби бүлэг байгуулж байгаа гэдгээ бас хэлье“ гэсэн юм. Мөн “Архи уудаг эцэг, эхтэй хүүхэд байнгын дарамтан дор амьдардаг. Тэгтэл тэдний эрх, ашгийг хамгаалсан нэг ч хууль эрх зүйн орчин байдаггүйг онцлоод ийм байгаа нь сэтгэл зовнихгүй байхын аргагүй юм” гэв. Энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг байнгын хороо 100 хувийн саналаар дэмжлээ.


















