“Хүүхэд хамгаалалд эцэг, эх, багш, төрийн байгууллагын хамтын ажиллагаа” өдөрлөг болно
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хүүхэд хамгааллын ажлыг эрчимжүүлэх, хүүхдийг гэмт хэрэг, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, цахимын хор хөнөөл, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах,
Мэдээллийн алба

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хүүхэд хамгааллын ажлыг эрчимжүүлэх, хүүхдийг гэмт хэрэг, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, цахимын хор хөнөөл, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах, өсвөр насныхны сэтгэл зүйн онцлогийн талаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эцэг, эх, багш нарт мэдээлэл хүргэх, хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлыг танилцуулах зорилгоор “Хүүхэд хамгаалалд эцэг, эх, багш, төрийн байгууллагын хамтын ажиллагаа” сэдэвт өдөрлөг өнөөдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 12:00 цагаас “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдана.
Тус өдөрлөг нь нийслэлийн хэмжээнд анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд Хан-Уул дүүргийн төрийн өмчийн 18 сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдын эцэг, эх, сургуулийн захирал, багш нийт 5000 гаруй хүн оролцоно.
Өдөрлөгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, “Айзорзоне” ХХК хамтран зохион байгуулж, үйл ажиллагаанд оролцогчдод хүүхэд хамгааллыг сайжруулах чиглэлээр Уриалга зөвлөмж боловсруулан танилцуулахаас гадна “Хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах талаарх эцэг эхийн үүрэг оролцоо” лекц, “Өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэнд” лекц, “Гэр бүлийн харилцаа-хүүхэд хамгаалалт” лекц, урлагийн тоглолт явагдана.


















