Хүүхэд харах үйлчилгээний хууль 2016 оноос хэрэгжинэ
УИХ-ын эмэгтэй гишүүд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Мэдээллийн алба

УИХ-ын эмэгтэй гишүүд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунгэрэл мэдээллийн эхэнд хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тэрбээр энэхүү хуулийн гол зорилт нь эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Хүүхэд харах үйлчилгээ гэж 2-6 насны хүүхдийг эрүүл аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйл ажиллагааг хэлнэ гээд хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй 18-65 насны Монгол Улсын иргэн байна хэмээн заасныг танилцууллаа. Мөн тэрээр хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо таваас илүүгүй байх, хүүхэд харах үйлчилгээний нэг байранд 15-аас илүүгүй хүүхэд байхаар заасныг дуулгалаа.
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль нь 2016 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжих юм. Энэ хугацаанд хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил хийгдэж, Засгийн газрын журам гарах ажээ.


















