Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулахад 66 тэрбум төгрөг зарцуулна
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Мэдээллийн алба

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслөөр УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага аваад байсан нь өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм.
Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулах шатанд гишүүд тодорхой саналууд дээр байр сууриа илэрхийлж, асуулт асууж, тодруулга авсан юм. Гишүүдийн зүгээс хүүхэд харах үйлчилгээний чанар стандарт, санхүүжилтийн асуудлыг хөндөв. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хуулийн төслийг боловсруулахдаа нийгмийн хэрэгцээ шаардлага болон Төрөөс боловсролын талаар баримтлах бодлоготой хэр уялдуулсан юм бэ гэдгийг тодруулсан. Харин уг асуултад Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр“Энэ хуулийн төслийг Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлж, Засгийн газраас санал авсан. Засгийн газар хуулийн төслийг дэмжиж санал өгсөн. Олон хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Цэцэрлэгт бүх хүүхдийг хамруулах хөрөнгө мөнгө байхгүй. Ийм мөнгөтэй болох дүрх төрх ч харагдахгүй байгаа. Гэртээ үлдэж байгаа хүүхдүүдэд ямар нэгэн хэлбэрээр сургалт, үйлчилгээг зохион байгуулах шаардлага байгаа. Цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдэд улсаас зардал гаргаж байгаа бол цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг эцэг эх нь харах болдог учраас ажил хийх боломжгүй болдог. Мөн улсаас очдог зардал бас очихгүй. Эдээр нь тэгш бус байдлыг бий болгож байгаа. Тиймээс илүү сургалтад ойртсон, аюулгүй орчныг бүрдүүлэх стандартыг тавихаар төсөлд тусгасан. Цэцэрлэг барих мөнгө хөрөнгө нь байвал ийм хуулийн төсөл боловсруулах ямар ч шаардлага байхгүй” гэсэн хариулт өгсөн юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Я.Санжмятав“Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулахад зарцуулагдах 66 тэрбум төгрөгийн ихэнх хэсэг нь хувийн хэвшлээс гарна гэдэг асуудлыг анхнаас нь тооцож байсан. Эдийн засаг хүнд байна гэж сууж байснаас хуулиа гаргаж, хэрэгжилтийн явцад эдийн засгийн гаргалгаа хийгээд явах нь зүйтэй. Эхлээд мөнгө төгрөгийг нь шийдэж байж асуудлыг шийднэ гэдгээ хойш тавьж хувийн хэвшил, гадна дотны хөрөнгө оруулалтаар шийдээд явна гэж байгааг дэмжиж байгаа” гэлээ.
Ингээд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураах шатанд байнгын хорооны хуралдааныг түр завсарлуулж, үргэлжлүүлэн үдээс хойш Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулахаар тогтсон юм.


















