Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хууль бусаар 4 кг-аас дээш самар түүвэл 5 жил хүртэлх хугацаагаар хоригдоно

Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид Жаргалантын аманд өнгөрсөн тав дахь өдөр шалгалт хийжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хууль бусаар 4 кг-аас дээш самар түүвэл 5 жил хүртэлх хугацаагаар хоригдоно
Хууль бусаар 4 кг-аас дээш самар түүвэл 5 жил хүртэлх хугацаагаар хоригдоно. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид Жаргалантын аманд өнгөрсөн тав дахь өдөр шалгалт хийжээ.

Дархан цаазат Богд Хан-Уул нь нийт 41.6 мянган га талбайтай бөгөөд 22 мянган га талбай нь ой бөгөөд түүний 20 хувьд нь хуш ургадаг. Хуш мод нь Экологийн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой шилмүүст мод. Түүнчлэн хуш мод нь ойн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж ус, хөрсийг хамгаалахын зэрэгцээ ойн олон төрөл, зүйлийн амьтан, шувууны амьдрах орчин, хүнс, тэжээлийн бааз, нөөц нь болдог. Мөн хэрэм, гахай, самрын шаазгай, жирх, баавгай, хур, сойр гэх зэрэг амьтдын гол тэжээл нь самар юм. Жирх, хэрэм гэхэд л 6-10 кг самар идшиндээ нөөцөлдөг бол баавгай өдөрт 20-30 боргоцой идэж 100-150 кг өөх хуримтлуулж байж ичдэг байна. Харин зэрлэг гахай 2.5 кг самар идэж байж онд ордог. Гэтэл хууль бусаар самар түүгчид тэдгээр амьтдын идэш тэжээлийг үлдэгдэлгүй, үндсээр нь хугалж хаяж байгааг албаныхан онцолж байлаа.

Түүнээс гадна тодорхой хугацаанд шинэчлэгдэн солигдож, унаж байдаг хушны шилмүүс, боргоцой нь хөвсгөр байдаг тул бусад шилмүүст модтой харьцуулахад хөрсний сайн бордоо болж, усыг өөртөө хамгийн ихээр шингээдэг. Энэ нь ойн чийгшлийг удаан хадгалж, уур амьсгалын таатай орчинг бүрдүүлдэг байна. Ерөнхийдөө хушин ой нь бактер устгах чадвартай, фитонцид, эфирийн тос их ялгаруулдаг нь орчны агаарыг цэвэршүүлдэг тул эртнээс хушин ойг эмчилгээний зорилгоор ашиглаж байсан түүхтэй.

Харин нь самарчид модоор багаж хийж хуш модыг цохиж самраа унагаадаг нь модыг гэмтээх, ургалтыг зогсоож, үхжих шалтгаан болдог байна. Үүнээс гадна хог хаягдлыг их хэмжээгээр хаяж байгалийг бохирдуулж, ганц хус модны ургалт биш 22 мянган га талбай ойд аюул нүүрлээд байна.

Мөн болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян вирус, бохирдлыг амархан татдаг бөгөөд халдварт өвчин тараах нөхцөл болдог гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулдаг. Тиймээс өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлаа бодсон ч хуш модны самрыг хуулийн хугацаанд нь түүх хэрэгтэй.

Самрын нэг килограммын экологи эдийн засгийн үнэлгээ 50 мянган төгрөг байдаг аж. Хууль бусаар самар бэлтгэсэн, тээвэрлэсэн тохиолдолд олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгодог. Харин ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуулиар торгодог юм. Мөн дөрвөн килограммаас дээш бол эрүүгийн хэрэг үүсгэж, 3-6 сар болон таван жилийн хорих ялаар шийтгэдэг байна.

Хуваалцах