Хууль зүй, дотоод хэргийн салбарын үзэсгэлэн зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэлд үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхээр заасан байдаг.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэлд үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхээр заасан байдаг. Үүний дагуу Хууль зүй, дотоод хэргийн салбарын улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйлдвэрийн бүтээгдэхүүн болох барилгын материал, тавилга, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, гутал, хувцас, гар урлалын бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулан, сурталчлах, захиалан авах боломж бүхий үзэсгэлэнг 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр МҮХАҮТ-д 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Монгол Улсын Засгийн газраас төсвийн хөрөнгийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах, салбарын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих, үйлдвэрлэгчдийн бараа, ажил, үйлчилгээг тэргүүн ээлжид худалдан авах, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагыг үйлдвэрлэл эрхлэгчидтэй холбох зорилтыг тавин ажиллаж байна.
Энэ удаагийн үзэсгэлэнгийн нэг онцлог нь улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчилж, үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүн, шинэ технологийг танилцуулан, төрөөс иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох цахимжуулах ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн салбарт нэвтрүүлсэн шинэ үйлчилгээг агентлаг, байгууллагууд чиглэл чиглэлээрээ танилцуулах юм.
Мөн энэхүү үзэсгэлэнгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг байгууллагууд тодорхой чиглэлээр иргэд олон нийтэд үйлчилгээ үзүүлэх бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагаас цахим системээс 23 төрлийн лавлагаа иргэдэд олгох, 25, 45 насны иргэдийн иргэний үнэмлэхийн хугацааны сунгалт хийх, хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхээ гээсэн иргэдийн захиалгыг хүлээн авах, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгээс ясны сийрэгжилт, биеийн найрлагын оношлогоо, эхо үзлэг хийх, Хууль зүйн туслалцааны төв үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх гэх мэт үйлчилгээ үзүүлнэ.



















