Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг батлахыг дэмжив

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.01.17) нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг батлахыг дэмжив
Хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг батлахыг дэмжив. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.01.17) нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Үндсэн хуулийн цэц 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дунд суудлын хуралдаанаараа Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороод хуралдаанаараа хэлэлцээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, тогтоол баталсан.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 12 дугаар 05-ны өдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцээд санал нэгтэй дэмжиж, Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон юм.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг батлахыг дэмжив.

Хуваалцах