Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хялбар аргаар мөнгө өсгөх гэж оролдсоноор сүлжээний бизнесийн хохирогч болдог

иргэдийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг хууль хяналтын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хялбар аргаар мөнгө өсгөх гэж оролдсоноор сүлжээний бизнесийн хохирогч болдог
Хялбар аргаар мөнгө өсгөх гэж оролдсоноор сүлжээний бизнесийн хохирогч болдог. Зураг: МҮОНРТ

Иргэн “Н” 16 жил төрийн байгууллагад ажиллаж байгаад 2018 оны 4 дүгээр сард эрүүл мэнд нь муудаж, эмнэлэгт шинжилгээ өгөхдөө элэгний хавдартай, гадаад улсад яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэдгээ мэджээ.

Тэрбээр ам бүл дөрөв, эхнэр, 14-17 насны хоёр хүүхдийн хамт найман хувийн зээлээр авсан хоёр өрөө орон сууцанд амьдардаг. “Н” гадны оронд эмчилгээ хийлгэх талаар судлахад 60 сая төгрөг шаардлагатай болжээ. Ийн хадгаламжид байсан 10 сая төгрөг, өөрийн эзэмшлийн автомашинаа зарж 22 сая төгрөгтэй болов. Мөн ах дүү, найз нөхөд, ажлын хамт олон нь санхүүгийн дэмжлэг үзүүлж нийт 30 сая төгрөг цуглуулжээ.

“Н” эмчилгээ хийлгэхэд шаардагдах үлдэгдэл 30 сая төгрөгийг хэрхэн олох, хэнээс зээлэх талаараа эхнэр “С”-тэй зөвлөлдөж, найз нөхдөөсөө асууж сураглах явцад найз “Г” гэгч нь богино хугацаанд мөнгөө өсгөх боломжтой гэх сүлжээний бизнес санал болгож, элсэхийг ятгасан байна. Улмаар “Н” дээрх сүлжээний бизнест 30 сая төгрөг оруулсан боловч хоёр л удаа 1.1 сая төгрөг авчээ. Ийн нэмэлт ашиг өгөхгүй, мөнгө нь өсөхгүй 2-3 сар болсны эцэст мөнгөө буцаан авахаар тухайн газартаа хандав. Гэтэл мөнөөх компани Эрүүгийн хуульд заасан олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар иргэдийг залилж, хохирол учруулсан асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан компани байж.

“Н” дээрх сүлжээний бизнесээс мөнгөө авч чадаагүйн улмаас гадаадад эмчилгээ хийлгэх боломжгүй болж нас баржээ.

Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар иргэдийг хохироодог залилан газар авсан талаар Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг иргэдэд тогтмол хүргэдэг боловч цөөнгүй хүн амар хялбар аргаа мөнгөө өсгөх хүсэлдээ хөтлөгдөн залилуулж, хохирсоор байгаа аж. Тиймээс иргэдийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг хууль хяналтын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах