Хятадын дотоодын зарим нислэг манай улсын агаарын замаар дамжина
ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 17-19-нд БНХАУ-ын Бээжин хотод ажиллан, тус улсын Тээврийн дэд сайд бөгөөд Иргэний нисэхийн удирдах захиргааны газрын дарга Фэн Зенглин тэргүүтэй тус газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаад ирлээ.
Мэдээллийн алба

ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 17-19-нд БНХАУ-ын Бээжин хотод ажиллан, тус улсын Тээврийн дэд сайд бөгөөд Иргэний нисэхийн удирдах захиргааны газрын дарга Фэн Зенглин тэргүүтэй тус газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаад ирлээ.
Уулзалтуудын үеэр хоёр талын Иргэний нисэхийн салбарын харилцааны өнөөгийн байдал, хамтын ажиллагаанд гарч байгаа дэвшилт ажлууд, шинээр 7 дахь агаарын хаалга нээх асуудал, хоёр улсын Нислэгийн хөдөлгөөний удирдлагын чиглэлийн ажилтнууд хоорондын туршлага солилцох хамтын ажиллагаа, цаашид хэрхэн өргөжүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон байна.
.jpg)
Манай улстай хамгийн том агаарын орон зайгаар хиллэдэг, өнгөрөлтийн нислэгүүдийн ихэнх хувийг БНХАУ-ын хотуудаас эхлэлтэй, төгсгөлтэй нислэгүүд эзэлж, өнгөрөлтийн нислэгийн 27 орчим хувийг тус улсын агаарын тээвэрлэгч нар гүйцэтгэдэг. Агаарын харилцааны чиглэлээр хамгийн чухал байр суурь эзэлдэг улсын нэг бол БНХАУ юм. Өнгөрсөн 2015 оны сүүлээс эхлэн манай хоёр улсын иргэний нисэхийн удирдах байгууллагуудын удирдах түвшинд удаа дараагийн уулзалтууд амжилттай зохион байгуулагдсаар байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Бээжин-Манжуур хотын хоорондох нислэг ПОЛХО-САРУЛ чиглэлээр долоо хоногт дөрвөн удаа нислэг үйлдэж эхлээд байна. Цаашид Хөх хот-Манжуур чиглэлийн нислэгүүд нэмэгдэн нисэхээр төлөвлөгдөөд байна. БНХАУ-ын талаас сүүлийн үед манай агаарын навигацийн үйлчилгээнд гарсан дэвшлийг анхааралтай ажиглаж, талархалтай байдаг талаар дээрх уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.
Манай улс нь агаарын зургаан хаалгаар тус улстай холбогддог. Эдгээр хаалга нь харилцан адилгүй ачаалалтайгаар ашиглагдаж байна.
Эдгээр хаалганы ашиглалтыг сайжруулах талаар мөн санал солилцож, хамтран ажиллахаар тогтлоо. Мөн шинээр 7 дахь агаарын хаалга нээх асуудлыг ч үргэлжлүүлэн судалж ажиллахаар санал нэгдлээ.
Тус улсын AVIC International Aero-Development Corporation онгоц үйлдвэрлэгч компаниас шалгалтын нислэгийн зориулалтаар шинэ загварын Ю-12 агаарын хөлгийг авахаар харилцан тохиролцож, санамж бичгийг энэ сарын 17-ны өдөр байгуулсан. Санхүүжилтийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд шийдвэрлэх арга замыг судлах, хэрэгжүүлэх арга хэмжээг авахаар тус компанитай тохироод байна. Энэ талаар мөн харилцан ярилцаж, дэмжлэг үзүүлэхийг манай тал хятадын талд хүслээ.
Мөн уулзалтын үеэр сонирхол татсан нэг мэдээлэл нь агаарын торгоны замын төслийн зарим чиглэл манай улсаар дайрах тухай санал байлаа. Одоогоор энэ нь зөвхөн төслийн хэмжээнд яригдаж байна.
.jpg)
БНХАУ-ын Шанхай хотоос эхлэлтэй Европыг чиглэсэн паралель агаарын замыг байгуулахаар төлөвлөж байна. Эхний чиглэл нь Шеньжин муж, Казакстан улсаар дайран Европыг чиглэх, нөгөө чиглэл нь манай улсыг дайрахаар төсөөлөл байгаа тухай мэдээлэл өглөө.
НХУ-ын төвүүдийн хооронд өгөгдөл дамжуулах (ATS Inter-facility Data Communications-AIDC) сувгийн техникийн холболтыг ойрын үед хамтран гүйцэтгэхээр ярилцаад байна. Тиймээс хариуцан ажиллах хоёр талын ажилтнуудыг холбогдох мэдээллүүдийг ч солилцлоо.
Уулзалтын төгсгөлд энэ оны 9-10 дугаар сард Хятадын талын нислэгийн хөдөлгөөн удирдах газрын холбогдох ажилтнууд манай улсад хүрэлцэн ирж хамтран ажиллахаар тогтлоо.
Эх сурвалж: ИНЕГ


















