Л.Дандар баатрын хүү Д.Ганбаатар: 1939 оны 9 сарын 7-ны өдөр аав маань баатар цол авч байсан
Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.
Мэдээллийн алба

Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү түүхэн ялалтыг байгуулахад амь, биеэ үл хайрлан, тулалдаж явсан олон мянган дайчдын дундаас байгуулсан гавьяа, нэр хүндээрээ тодрон гарсан олон баатар байдгийн нэг нь БНМАУ-ын гарамгай баатар Лодонгийн Дандар юм.

Өнөөдөр Л.Дандар баатрын хөшөөнд түүний үр хүүхдүүд болон цэргийн түүх судлалын зарим эрдэмтэн цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Л.Дандар баатрын хүү Д.Ганбаатар "Миний аавын мэндэлсний 105 жил, "Гарамгай баатар" цолоо авсны 80 жилийн ой тохиож байна. Аав маань намар төрсөн бөгөөд хуучны хүмүүс төрсөн сар, өдрөө тодорхой мэддэггүй байсан жишгээр 1914 оны есдүгээр сарын 7-ны өдөр төрсөн хэмээн бүртгэлд бичүүлсэн байдаг юм. Түүнээс гадна яг энэ өдөр буюу 1939 оны есдүгээр сарын 7-ны өдөр аав маань баатар цол авч байсан учраас өнөөдөр бол яахын аргагүй онцгой өдөр юм" гэж ярилаа.


Эх сурвалж: "Соёмбо" сонин


















