“Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөлөө
Нэмж мэдээлэхэд, Өнгөрөгч 2011 онд тус дууны 55 жилийн ойд зориулж уран барималч Б.Эрдэнэбатын загвараар бие даасан уран бүтээлчид “Маамуу нааш ир” дууны гурав дахь хөшөөг босгосон юм.
Мэдээллийн алба

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн ажлын хүрээнд өнөөдөр буюу “Маамуу нааш ир” дууг Монгол орон даяар цэцэрлэгийн бүх хүүхдүүд нэгэн зэрэг дууллаа. Мөн “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол болсон юм.

Яруу найрагч С.Лхамсүрэн ОХУ-д сурч байхдаа 10 гаруй шүлэгтээ ая хийлгэхээр Д.Лувсаншарав гуайд өгч байжээ. Энэ дунд өнөөдөр ч үнэ цэн ач холбогдлоо алдаагүй “Маамуу нааш ир” дуу багтсан. Нэгэн жарны түүхтэй уран бүтээлийн анхны сонсогч нь Д.Лувсаншарав гуайн охин Л.Халиунсүрэн юм.
“Маамуу нааш ир” дууны шүлэг тэр чигтээ гүн философитой. Хөдөө нутаг, хотын ахуй амьдралыг дүрсэлж, байгаль дэлхийгээ хайрлах ухааныг шингээсэн. Эрдэмтэй эх оронч хүн төлөвшүүлэх гээд өргөн агуулгатай учраас өнөөдөр энэ дууг мэдэхгүй монгол хүн байхгүй.
Хүүхдийн гэх тодотголтой олон уран бүтээл мэндэлж байгаа ч “Маамуу нааш ир”-тэй адил олны хүртээл болсон нь тун ховор гэдгийг энд цэцэг өргөхөөр ирсэн уран бүтээлчид хэлж байсан юм. “Маамуу нааш ир” дууны энэ хөшөөг тус уран бүтээлийн 55 жилийн ойгоор бие даасан уран бүтээлчид урлажээ. Энэ хөшөө нь тус дуунд зориулсан 3 дахь хөшөө юм байна.



















