"Маамуу" нэвтрүүлэг МҮОНТ-ээр үзэгчдэд хүрнэ
“Монгол Контент” ХХК-аас эрхлэн гаргадаг хүүхдэд зориулсан "Маамуу" төслийн хүрээнд хамтран ажиллахаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, "Монгол Контент"ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ганзориг нар санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Мэдээллийн алба

“Монгол Контент” ХХК-аас эрхлэн гаргадаг хүүхдэд зориулсан "Маамуу" төслийн хүрээнд хамтран ажиллахаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, "Монгол Контент"ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ганзориг нар санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан бага насны хүүхдэд зориулсан, үндэсний хэв шинжийг агуулсан, өндөр чанартай, бүрэн хэмжээний контент МҮОНТ-ээр тогтмол цацагдахаар болж байна.
Өндөр хөгжилд хүрсэн улс орнуудын жишгээс үзэхэд улсынхаа ирээдүй болсон хүүхдүүдийг үндэснийхээ үнэт зүйлд тулгуурлан хүмүүжүүлэх бодлого барьдаг. Монголд энэ орон зайг дүүргэх бодлого, нэгдсэн төсөл хөтөлбөр үгүйлэгдсээр ирсэнтэй маргах хүн үгүй. Ганц жишээ дурьдахад 2017 онд телевизийн сувгуудаар гарсан хүүхэлдэйн кино нийлүүлэлтийн ердөө 6,3 хувийг Монголын бүтээл эзэлж байна /Телевиз үзэлтийн судалгаа 2017, Максима медиа/. Үлдсэн 92,7 хувь нь гадаад хүүхэлдэйн кино байсан гэсэн үг. Гэтэл хамгийн өндөр үзэлттэй нэвтрүүлгийн судалгаанд хүүхдийн нэвтрүүлэг, хүүхэлдэйн кино 51 хувь байгаа нь уг контентийн эрэлт ихтэйг илтгэж байна.
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны IV улирлын мэдээнд дурьдсанаар судалгаанд хамрагдсан үзэгчдийн 11,5 хувь нь хүүхэд, залуучуудын боловсрол, ёс суртахуунд чиглэсэн нэвтрүүлэгтэй телевиз огт байхгүй гэж дүгнэж байв. Энэ нь бусад нэвтрүүлэгтэй харьцуулахад хамгийн их хувьтай гарсан үзүүлэлт юм.
Үзэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хүүхдийн нэвтрүүлэг, анимэйшн кино бүтээхэд маш их зардал, олон төрлийн мэргэжлийн боловсон хүчин, орчин нөхцөл, цаг хугацаа шаарддаг. Ийм ч учраас Монгол улс шиг цөөн хүн амтай, бага зах зээлтэй оронд төдийлөн ашигтай салбар байж чаддаггүй нь улсын болон хувийн хэвшлийн байгууллагууд зайлсхийх шалтгаан болдог гэж болно. Гэтэл энэ хоосон орон зай бага насны хүүхдийг эцэг эхийнхээ гар утас болон дэлгэцтэй төхөөрөмжийг ойроос үзэн насандаа тохироогүй контент үзэж цаг нөхцөөхөд тодорхой түлхэц үзүүлдэг.
Харин “Монгол Контент” ХХК-ийн "Маамуу" төслийн хүрээнд хийгдэж буй анимэйшн кино, нэвтрүүлэг болон бусад бүтээгдэхүүн шинэ тэсрэлт болж чадсан юм.


















