Макаогийн цагдаатай хүний наймааны эсрэг хамтарна
Хууль зүйн яамны Төрийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Монголд айлчилж буй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн Олон нийтийн аюулгүй байдлын цагдаагийн газрын дэд дарга Лай Камкун тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Хууль зүйн яаман дээр хүлээн авч уулзжээ.
Мэдээллийн алба

Хууль зүйн яамны Төрийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Монголд айлчилж буй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс /ЗЗОБ/ Макаогийн Олон нийтийн аюулгүй байдлын цагдаагийн газрын дэд дарга Лай Камкун тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Хууль зүйн яаман дээр хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Хууль зүйн яамны Төрийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Дэд зөвлөлийн тэргүүний хувьд Монгол Улсад хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, гэрч хохирогчийг хамгаалах чиглэлээр хийгдэж буй хууль, эрх зүйн шинэчлэл, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж харилцан санал солилцов. Түүнчлэн Хүн худалдаалахтай тэмцэх асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын ЗЗОБ Макаогийн Засгийн газар хоорондын 2010 оны хэлэлцээрийн хүрээнд Макаогийн Олон нийтийн аюулгүй байдлын цагдаагийн газартай хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт этгээдэд хариуцлага хүлээлгэх, хохирогчдыг хамгаалах чиглэлээр харилцан шуурхай мэдээлэл солилцож хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн ач холбогдлыг тэрбээр цохон тэмдэглэв.


















