Мал эмнэлгийн салбарыг чадавхжуулна
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Франц Улсад айлчлах үеэрээ Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал хатагтай Моник Элуатай хоёр талын уулзалт хийлээ.
Мэдээллийн алба

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Франц Улсад айлчлах үеэрээ Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал хатагтай Моник Элуатай хоёр талын уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны тодорхой чигийг тохиролцсон юм. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Монгол Улс нь тус байгууллагын гишүүн орны хувьд 2007 онд Монгол Улсын мал эмнэлгийн чадавх, 2009 онд Монгол Улсын мал эмнэлгийн лабораторийн чадавх, 2012 болон 2014 онд мал эмнэлгийн чадавх үнэлгээнд тус тус хамрагдсан талаар дурдсан.
Тэрбээр ДМАЭМБ–ын зөвлөмжийн дагуу УИХ-иар мал аж ахуйн салбарын суурь хоёр хуулийг батлуулж, хуулийн дагуу Улсын мал эмнэлгийн ерөнхий газар, ерөнхий малын эмчтэй болж байгаа талаараа мэдээлэл өглөө.
Талууд малын гоц халдварт өвчин ялангуяа шүлхий, бог малын мялзан өвчинтэй тэмцэх асуудлаар цаашид хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай гэдэг дээр санал нэгдэж, хамтарсан ажлын хэсгийг байгуулахаар тохиролцсон. Түүнчлэн шинээр байгуулагдах Улсын мал эмнэлгийн ерөнхий газрын бүтэц тогтолцоог боловсронгуй болгох, хүний нөөцийг чадавхжуулахад нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.


















