Мал нядалгааны халал стандартыг нэвтрүүллээ
ХХАА-н сайд Р.Бурмаа, БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйяа Эр болон албаны хүмүүстэй уулзлаа.
Мэдээллийн алба

ХХАА-н сайд Р.Бурмаа, БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйяа Эр болон албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтаар Халал аргаар мал төхөөрөх арга технологийг нэвтрүүлэх талаар санал солилцсон юм. Мөн энэ үеэр Турк Стандартын институтын зүгээс олгосон “Халал хүнсний сертификат” гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

БНТУ-ын ХХААЯ-ны мэргэжилтнүүд 2015 онд манай улсын газар тариалан, мал аж ахуйн салбартай танилцаж, Дархан-Уул аймгийн “Дархан меат фүүд” ХХК-ийн мал төхөөрөх үйлдвэр дээр халал аргаар мал нядалж байгааг үзэж танилцаад мал нядалгааны халал стандартыг Монголын мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд нэвтрүүлэх сургалтыг зохион байгуулахаар болсон юм. Энэ хүрээнд 2016 оны дөрөвдүгээр сарын 13-15 хооронд мах махан бүтээгдэхүүний салбарт ажилладаг 40 мэргэжилтэнг хамруулсан “Мал нядалгааны халал стандарт нэвтрүүлэх” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулсан юм. Сургалтад хамрагдсан дээрх 40 мэргэжилтэнд өнөөдөр сертификат олголоо.

Энэхүү сургалт нь Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн экспортыг нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой. Турк Стандартын институтын зүгээс олгож буй албан ёсны сертификат нь дэлхийн 39 оронд хүчин төгөлдөр бөгөөд Саудын Араб болон Ойрх Дорнодын орнууд руу мах экспортлох боломжийг нээж өгөх юм.
Эх сурвалж: ХХААЯ


















