“Малчдад тусалъя” аянд нэгдэж, байгууллагууд хандив өгсөөр байна
Энэ жил зуншлага тааруу байсан учраас болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Малчдад тусалъя” сайн санааны аян зохион байгуулахаар Ховд аймгийн Засаг даргын захирамж гарсан.
Мэдээллийн алба

Энэ жил зуншлага тааруу байсан учраас болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Малчдад тусалъя” сайн санааны аян зохион байгуулахаар Ховд аймгийн Засаг даргын захирамж гаргасан.
Энэхүү аяны үйл ажиллагаа эхлээд нэг сар орчмын хугацаа өнгөрч байна. Байгууллагууд хуваарийн дагуу хандиваа хүлээлгэн өгсөөр байгаа аж. Тухайлбал, энэ сарын 15-нд Боловсрол соёл, урлагийн газар 100 прэсс өвс тэжээл, Эрүүл мэнд нийгмийн даатгалын газар нэмнээ 24, лаа 24 боодол, 24 толгой шүдэнз, 50 л шатахууны эрхийн бичиг хандивлажээ.
Харин Биеийн тамир спортын газар 200.000 төгрөг, 50 л шатахууны эрхийн бичиг, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар 120 прэсс өвс, Хоёрдугаар цэцэрлэг 113 прэсс өвс, ЗДТГ-ын дэргэдэх Өмчийн алба 20 прэсс өвс гэх зэргээр байгууллагууд эд материалын болон мөнгөн хандив өгсөн байна.
Харин энэ сарын 24-нд Мэргэжлийн хяналтын газар 116 прэсс өвс, Долоодугаар цэцэрлэг 28 прэсс өвс, 38 уут навч өгсөн бол Гэр бүл, хүүхэд залуучуудын газар ажилчдынхаа нэг өдрийн цалингаар малчдын хүүхдүүдэд өвлийн дулаан хувцас худалдан авч өгчээ. Түүнчлэн Байгаль орчин аялал жуулчлалын газрын хамт олон 350.000 төгрөгийн мөнгөн хандив өгсөн байна. Цаашид ажилчдынхаа дотоод нөөц боломжоор нэмнээ, бээлий гэх мэт малчдад хэрэгцээтэй эд материалын дэмжлэг үзүүлнэ гэдгээ амлажээ.

Стандарт хэмжилзүйн хэлтэс ажилчдынхаа нэг өдрийн цалингаар 12 уут тэжээл хандивласан бол Эрүүл мэндийн газар 46 прэсс өвс малчдад зориулан хандавлаад байна. Үүнээс гадна Засаг даргын нөөц хөрөнгөөс 5 сая төгрөг, 30 тн өвс, 10 тн тэжээл, Засаг даргын Тамгын газрын хамт олноос нэг өдрийн цалингаар өвс, нэмнээ, бээлийг ажилчдын тоогоор хандивлажээ.
Эдгээр хандив тусламжийг аймгийн нөөцөд хүлээн авч бүртгэж байгаа бөгөөд цаг хүндэрсэн үед шаардлагатай газруудад хуваарилан өгөх юм байна.



















