Малчдын туршлага солилцох сургалт зөвлөгөөн боллоо
“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах бэлэн байдлыг хангах нь мал аж ахуйн тогтвортой хөгжил” сэдэвт малчдын туршлага солилцох сургалт зөвлөгөөнийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр МУЗН-ийн гамшгийн менежментийн хөтөлбөр, аймгийн Улаан Загалмайн
Мэдээллийн алба

“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах бэлэн байдлыг хангах нь мал аж ахуйн тогтвортой хөгжил” сэдэвт малчдын туршлага солилцох сургалт зөвлөгөөнийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр МУЗН-ийн гамшгийн менежментийн хөтөлбөр, аймгийн Улаан Загалмайн хороо санаачлан, аймгийн ЗДТГ, “Ногоон алт” ТББ, Хөдөө аж ахуй хоршоологчдын холбоо, Онцгой байдлын газар хамтран зохион байгууллаа. “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах бэлэн байдлыг хангах нь” судалгааны ажлын үр дүнг малчдад танилцуулах, малчин өрхүүд уур амьсгалын өөрчлөлттэй цаг уурын аюулт нөхцөлийн хүндрэлийг хэрхэн даван туулах, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн сургамж дүгнэлт дээр тулгуурлан ажлын арга туршлагаа солилцон мэдлэг мэдээллээ дээшлүүлэх зорилгоор тус зөвлөгөөн болсон.
18 сумын 100 малчин уг зөвлөгөөнийг зорин ирсэн ба аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, МУЗН-ийн санхүүгийн менежер, дотоод аудитор У.Баярмаа, аймгийн Улаан Загалмайн хороон дарга Г.Дулмаа, Гамшгийн менежментийн хөтөлбөрийн мэргэжилтэн А.Мөнхтуул нар зөвлөгөөнийг нээж үг хэллээ.
МУЗН-ийн зүгээс Улаан загалмайн үйл ажиллагааг дэмжин хамтран ажилладаг ивээн тэтгэгч хандивлагч малчиддаа МУЗН-ийн дээд шагнал, одон медалиар шагнав.
Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн Нигүүлсэнгүй үйлст манлай малчнаар:
1.Пүрэвсүрэнгийн Хатанбаатар /Тайшир сум/
2.Нямжавын Бүүвэйбаатар /Есөнбулаг сум/
3.Доржсүрэнгийн Эрдэнэбат /Дэлгэр сум/
4.Ринадоржийн Ганболд /Эрдэнэ сум/
5.Борын Сэрээтэр /Эрдэнэ сум/
6.Найдангийн Батболд /Дарив сум/
7.Бүдрагчаагийн Дашцэрэн /Дарив сум/
8.Халзангийн Цэнддолгор /Төгрөг сум/
Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн Энэрэл алтан медалиар:
1.Чогдонгийн Отгонбаатар /Есөнбулаг сум/
2.Бадаагийн Соёлмаа /Цээл сум/
Шилдэг залуу алтан медалиар:
1.Жувгооны Нямжаргал /Шарга сум/
2.Халзангийн Налжир /Дэлгэр сум/
3.Эрдэнэчимэгийн Адарсүрэн /Халиун сум/ шагналаа.
Мал аж ахуйн салбар нь аймгийн ДНБ-ий 60-80 шахам хувийг эзэлсээр байсан ба 2002 оноос хойшхи хөдөө аж ахуйн салбарт авчирсан байгалийн гамшгаас үүдэн мөн үйлчилгээний салбарын өсөлтөөс шалтгаалж хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувийн жин буурч, улмаар үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын эзлэх хувийн жин өссөөр байгаа энэ цаг үед малчдын туршлага солилцох сургалт зөвлөгөөн болж байгаагаараа онцлог юм.
2015 оны гүйцэтгэлээр манай аймгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн(ДНБ)-ий 50.3 хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлж хүн амын хүнсний хангамж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийн гол тулгуур болж байгаагийн хувьд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төвшинг тодорхойлох нэг үндэс байсаар ирсэн. Одоо ч энэ ач холбогдлоо алдаагүй байна.
Тус аймгийн нийт ажиллагсдын 54,7 орчим хувь энэ салбарт ажиллаж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоор амьжиргааныхаа үндсэн эх булгаа бүрдүүлж байна. Иймд төр, засаг хүнс, хөдөө аж ахуйн салбарыг эрчимтэй хөгжүүлж, үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, бүтээмж үр ашгийг дээшлүүлэх улмаар хөдөөд хүмүүс ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг улам сайжруулах, малаас гарч буй түүхий эдийн үнэ ханшийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй байгааг малчид хэлж байлаа. Аймгийн төвд энэ оны сүүлийн хагас жилд 2 махны үйлдвэр бүрэн ашиглалтад орж нээлтээ хийсэн бөгөөд 1 махны үйлдвэрийн барилга угсралтын ажил явагдаж байна. Бургастайн хилийн боомтоор оны эхний 9 сард хонины мах 107.2 тн, үхрийн мах 64 тн, ямааны мах 86.2 тн, нийт 257,4 тонныг махыг экспортлоод байна. Үүнтэй холбоотойгоор Олон улсын стандартад нийцсэн мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд голлон анхаарч малын үүлдэр угсааг сайжруулж, өндөр ашиг шимтэй малыг үржүүлэх, сүргийн бүтцийг зохистой хэмжээнд байлгах бодлогыг боловсруулж мэргэжлийн байгууллагууд дорвитой ажлуудыг хийх шаардлагатай байгааг малчид мөн л илэрхийлж байлаа.
Зөвлөгөөний үеэр аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Баян-Эрдэнэ, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүд,Онцгой байдлын газар, Хаан банк гэх мэт байгууллагууд мэдээ мэдээллээс хол хөндий байдаг малчдад хэрэгтэй мэдээллүүдийг олгосонд цаг үеэ олсон сайхан зөвлөгөөн боллоо хэмээн тэд олзуурхаж байлаа. Сургалтын төгсгөлд оролцогчид өөрсдийн санал бодлоо тусгасан зөвлөмж, санамж бичиг гарган, дурсгалын зураг татуулснаар зөвлөгөөний үйл ажиллагаа өндөрлөв.
Эх сурвалж: ekhoron21.mn


















