“Малчин” багийг сэргээн байгуулах асуудлыг хэлэлцлээ
Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, Баян-Өндөр сумын "Малчин" багийг сэргээн байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн байна. Тус багийг анх 1998 онд тухайн үеийн ИТХ-ын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу байгуулж байв.
Мэдээллийн алба

Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, Баян-Өндөр сумын "Малчин" багийг сэргээн байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн байна. Тус багийг анх 1998 онд тухайн үеийн ИТХ-ын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу байгуулж байв. Гэвч 2015 онд тухайн үеийн ИТХ-ын хуралдааны шийдвэрээр тус багийг татан буулгажээ.
Орхон аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд "Малчин" багийг сэргээн байгуулах асуудал багтсан. Учир нь, "Малчин" багийг татан буулгаснаар мал бүхий айлууд нутаглах газартай байхын тулд нөхөр нь Булган аймгийн харьяат, боловсрол, нийгмийн үйлчилгээ авахын тулд эхнэр, хүүхдүүд нь Орхон аймгийн харьяат болсон зэрэг асуудал үүсчээ. Энэ нь тухайн өрхийн амьдрал ахуйд хүндрэл үүсгэж байгаа талаар олон иргэнээс санал, гомдол гардаг байна.
Мөн өнгөрсөн жилийн эцсийн байдлаар Баян-Өндөр суманд малтай 615, малчин 334 өрхийн 53,1 мянган толгой мал тоологдсон. Тус сумын ЗДТГ-аас дээрх өрхүүдийн дунд судалгаа явуулж, малчин 249 өрхийг хамруулахад 88 хувь нь "Малчин" багийг сэргээн байгуулахыг дэмжсэн санал өгчээ. Иймд дээрх асуудлыг Баян-Өндөр сумын ИТХ хэлэлцэж, дэмжсэн шийдвэр гаргасан. Мөн тухайн багийг сэргээн байгуулахад шаардлагатай төсвийн судалгаа ч хийгдсэн.
Түүнээс гадна дээрх асуудлыг боловсруулж Тэргүүлэгчдийн хуралдаанд хэлэлцүүлсэн байгууллагуудаас Баян-Өндөр сумын "Малчин" багийг Залаат гэх газарт "Малчин" хороо хэлбэрээр нутагшуулах төслийг боловсруулжээ. Энэ нь зөвхөн хороо байгуулах асуудал тул газар нутгийн цэсийн асуудлыг сайтар судлах хэрэгтэйг нэр бүхий тэргүүлэгчид хэллээ. Ийнхүү Тэргүүлэгчид асуудлыг хэлэлцээд Орхон аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэрийг гаргасан байна.


















