МАН: УИХ-ын дарга бидний эрхийг дахиж зөрчвөл огцруулах төсөл өргөн барина
Өнөөдөр үдээс өмнө чуулганы нэгдсэн хуралдаанаар 2016 оны төсвийг хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага хүссэн.
Мэдээллийн алба

Өнөөдөр үдээс өмнө чуулганы нэгдсэн хуралдаанаар 2016 оны төсвийг хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага хүссэн. Харин УИХ-ын дарга З.Энхболд төсвийн төслийг 11 дүгээр сарын 15-ны дотор хэлэлцэж дуусгах ёстой тул ийм завсарлага өгөх боломжгүй гээд нэг цагийн завсарлага өгсөн.
Харин МАН-ын бүлгийн гишүүд хуралдаад төсвийн төслийн хэлэлцүүлгийг цаашид үргэлжлүүлэхээр болжээ. Энэ талаар бүлгийн гишүүд "Улс орны төсөв батална гэдэг нь УИХ-ын бүрэн эрх байдаг. Энэ эрхийг хэрэгжүүлэхдээ бид хариуцлагатай хандах ёстой" хэмээсэн. Харин завсарлага авсан шалтгаанаа УИХ-ын дарга гишүүдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хуулийн хэлэлцүүлэгт оролцох эрхийг нь хаагаад байгаа учраас бид завсарлага авсан хэмээн тайлбарласан юм.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг явах үед гишүүд, нам, эвслийн бүлгүүд гаргасан саналаа тайлбарлаж үг хэлнэ гэж заасан. Харамсалтай нь УИХ-ын дарга гишүүдийн гаргасан саналаа тайлбарлаж, үг хэлэх боломжийг бүрдүүлэхгүй байна. Ийм байдлаар гишүүдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хуулийн хэлэлцүүлэгт оролцох эрхийг нь хаагаад байгаа учраас бид завсарлага авсан. МАН-ын бүлэг төсвийн урсгал зардал нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаа. Гэтэл хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, боловсруулах ажлын хэсгээс маш олон зардал нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Үүний шалтгааныг тодруулах боломж ч олгохгүй байгаа юм” хэмээн ярилаа. Түүнчлэн УИХ-ын дарга дахиж ингэж гишүүдийн үг хэлэх эрхийг зөрчвөл түүнийг огцруулах тогтоолын төслийг ч өргөн барихад бэлэн байна гэлээ.


















