МАН-ын даргад У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нар нэр дэвшлээ
Монгол Ардын Намын XXVIII Их хурлын намын даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхэллээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг
Мэдээллийн алба

Монгол Ардын Намын XXVIII Их хурал үргэлжилж байна. Хурлаар хэлэлцэх асуудлуудын нэг нь МАН-ын даргыг сонгох юм. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус тус МАН-ын даргад нэр дэвшүүллээ. Мөн танхимаас Архангай аймгаас сонгогдсон төлөөлөгч н.Хүрэлбаатар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг нэр дэвшүүлсэн ч тэрбээр намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдсэн юм. Харин намын гишүүн Н.Дэмбэрэл үг хэлэхдээ намын даргад нэр дэвшихээс татгалзаж буйгаа илэрхийлэн нэрээ татав. Ингэснээр Монгол Ардын Намын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар өрсөлдөхөөр болсон.

Монгол Ардын Намын даргад нэр дэвшигч Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар XXVIII Их хурлын төлөөлөгчдөд хандан үг хэлсний дараа төлөөлөгч Золбоогийн гаргасан нэр дэвшигчдээс асуулт асууж, санал хэлэхгүйгээр шууд санал хураах горимын саналыг төлөөлөгчдийн олонх дэмжлээ. Яг одоо Монгол Ардын Намын XXVIII Их хурлын төлөөлөгчид намын даргаа сонгохоор санал хураалтад оролцож байна.



















