Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Манай улсад худалдаалагдаж байгаа үнэт метал, эд хэрэгслийг жинхэнэ эсэхэд эргэлздэг болжээ

Өнөөдөр өглөө Шадар сайд Энхтүвшин Стандарчилал хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын үйл ажиллагаатай танилцсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Манай улсад худалдаалагдаж байгаа үнэт метал, эд хэрэгслийг жинхэнэ эсэхэд эргэлздэг болжээ
Манай улсад худалдаалагдаж байгаа үнэт метал, эд хэрэгслийг жинхэнэ эсэхэд эргэлздэг болжээ. Зураг: МҮОНРТ

Хэрэглэгчид, манай улсад худалдаалагдаж байгаа үнэт метал, эд хэрэгслийг жинхэнэ эсэхэд эргэлздэг болсон байна. Учир нь Үнэт металлын сорьцын хяналтын газрын техник хэрэгслүүд хуучирч элэгджээ.

Өнөөдөр өглөө Шадар сайд Ө.Энхтүвшин Стандарчилал хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын үйл ажиллагаатай танилцсан юм.

Үнэт металлын сорьцын хяналтын газар нь үнэт металл, тэдгээрээр хийсэн эдлэлд химийн шинжилгээ хийж металлын сорьцыг тогтоон улсын сорьцын баталгааны тэмдэг дарах, эрдэнийн чулууг таньж гэрчилгээ олгох, сорьцын баталгааны тэмдгийн хяналт шалгалтыг хийж сорьцтой холбоотой маргааныг таслан шийдвэрлэх шинжилгээ хийж хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, үнэт металлыг хайлж гулдмайлах, сорьцын лабораторийн чадавхийг дээшлүүлэх чиг үүрэг хэрэгжүүлдэг.

Өөрөөр хэлбэл, үнэт метал олборлогч аж ахуй нэгж, иргэд, мөн гоёл чимэглэл үнэт эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, импортлогчид тус Үнэт металлын сорьцын хяналтын газарт үнэт металаа хайлуулж, сорьцлуулж, баталгаажуулдаг юм.

Шадар сайд эхлээд тус газрын Алт хайлах цех, алтны дээж авах, сорьц тогтоох, Эрдэнийн чулуу таних, тодорхойлох лабораторийн үйл ажиллагаа, үе шатуудтай танилцсан юм.

Олборлогчид болон алт тушаах гэж байгаа иргэд алт хайлуулах цехэд алтаа хайлуулж, сорьцлох дээж авах өрөөнд дээж өгч, лаборатоид химийн шинжилгээ хийлгэдэг байна. Шинжилгээний хариу өдөртөө гардаг ч, зуны улирал зэрэг зарим ачаалалтай үед өдөртөө гарахгүй тохиолдол ч байдгийг Үнэт металлын сорьцын хяналтын газрын Үнэт металлын сорьц тогтоох лабораторийн эрхлэгч Ж.Батбаатар хэлж байлаа. Энэ нь техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн дутагдалтай холбоотой гэсэн юм.

Үнэт металлын сорьцын хяналтын газрын Үнэт металлын сорьц тогтоох лабораторийн эрхлэгч Ж.Батбаатар: Энэ жилийн хувьд 18 тонн алт химийн шинжилгээнд ороод Монгол банкинд тушаагдаад байна. Энэ бол өнгөрсөн жилийн үзүүлэлтээс давсан үзүүлэлт. 2017 онд 17,5 тонн алт тушаасан байдаг. Он дуустал бараг алт 20 тоннд хүрэн байх. Тоног төхөөрөмжийн хувьд бараг 2011 оноос хойш шинэчлэлт хийсэнгүй удаж байна. Түрүү түрүүчээсээ эвдрэх тохиолдол маш их гарч байна. Энэ нь ачаалалд нөлөөлж байгаа юм.

Тодруулбал 2012 онд анх авсан 1100 градусын температурт алт хайлуулах хүчин чадалтай нэг зуух эвдэрч, үлдсэн зуухууд дахь ачаалал нэмэгдсэн байна. Мөн хамгийн найдвартай, зуун мянганы нарийвчлалтай тооцоолдог электрон жин ажлын байран дээр дутуу байгааг ч дурдсан. Нэмж 2 электрон жин авахаар өмнөх өмнөх жилүүдийн төсөвт тусгадаг ч энэ нь шийдэгддэггүйг хэллээ.

Түүнчлэн мэргэжлийн боловсон хүчний дутагдалтай. 1 химич тэтгэвэртээ гарсан. Одоогоор 5 химич байхаас 4 нь ажиллаж байгаа. Мөн хайлуулах цехэд 3 ажилтан бий гэдгийг хэлсэн юм.

Алт хайлуулах цехэд хүнд металлын ууршилт явагддаг учраас, хүчиллэг агаарын орчин бий болдог. Үүнээс шалтгаалж агааржуулалтын шугам хоолойн элэгдэл ихтэй. Удахгүй цоороход ч хүрсэн гэж байлаа.

Шадар сайд, түүний ажлын албаныхан мөн эрдэнийн чулуу таних болон сорьц дарах лабораторийн үйл ажиллагаатай танилцсан. Үүнд яригдсан бас нэг асуудал бол, сорьц дарагчийн тоо бүдгэрч солих шаардлагатай байгааг дурдсан юм. Улсын хэмжээнд жилд дунджаар 140 мянга гаруй тоотын үнэт эдлэлийн сорьц тус газраар дамжигдаж даруулдаг байна.

Үнэт металлын сорьцын хяналтын газрын Сорьц дарагч н.Чимгээ:

Үйлдвэрлэгч болон импортлогчид гоёл чимэглэл, үнэт эдлэлийн тоотын бараа бүтээгдэхүүндээ сорьц даруулахаар манайд ханддаг. Сорьц дарахад хэрэглэдэг “Клем” буюу дардас нь 2006 оноос хойш шинэчлэгдээгүй. Одоогоор тоонууд нь бүдгэрээд шаардлага хангахгүй болсон. Үүнд үйлдвэрлэгчид гомдол мэдүүлдэг. Хэрэглэгчид үүнийг жинхэнэ сорьц мөн юмуу, хуурамч юм бишүү гэх зэргээр гомдол гаргадаг. Энэ сорьцны дардасаа шинэчилж солиочээ гэж шаардлага тавьдаг. Бид хамгийн их түгээмэл хэрэглэгддэг “Клем”-үүдээ солихоор эхний ээлжинд хөрөнгө тооцооны судалгаа гаргаж төлөвлөөд байгаа. Наад захын хэрэглээний багц “Клем” авахад 50 орчим сая төгрөг болохоор байна. Манайд одоогоор 11 төрлийн “Клем” ашиглагдаж байгаа юм.

Мөнгөний сорьцны дардасууд гэвэл 999, 925, 875, 800, 835 байдаг. Алтных бол 999, 960, 916, 750, 585, 375 гэсэн сорьцны “Клем”-үүд байдаг. Манайд хамгийн их өргөн хэрэглэгддэг нь мөнгөний 925-ын сорьц, алтны 585-ын сорьцны дардас юм. Манайхан чинь мөнгө, монетэн эдлэл гэж мэднэ дээ.

ОХУ-д тухайн сорьц дарагчийг захиалахаар холбоо тогтоосон тухай тэрээр хэлсэн. Мөн сорьцыг алхаар цохиж дарж байгаа өнөөгийн арга нь хоцрогдсон учраас цаашид автомат хэрэгслээр солих шаардлагатайг ч дурдаж байлаа.

Шадар сайд Стандартчилал хэмжил зүйн газрын үйл ажиллагааны танилцуулга, тайлан мэдээтэй танилцаж, Үнэт металлын сорьцын хяналтын газрын ажилчидтай уулзалт хийж, санаа бодлыг нь сонссон юм.

Тэрээр энэ үеэр ярихдаа ирэх 2018 оны төсөвт тус салбарынханд тэрбум гаруй төгрөг төсөвлөсөн. Тиймээс нэн тэргүүний чухал шаардлагатай тоног төхөөрөмжөө шинэчлэх, боловсон хүчнээ бүрдүүлэх, чадавхжуулахад үүгээр анхаарч, зөв менежмэнтээр ажиллах хэрэгтэйг дуулгасан юм.

Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд ОБЕГ, ШӨХТГ, МХЕГ, СХЗГазар багтдаг. Энэ хүрээнд өнөдөр СХЗГ-н үйл ажиллагаа, асуудалтай танилцаж байгаагаа тэрээр онцолж байлаа.

Сурвалжилсан: МҮОНР-ын Хурд агентлагийн сэтгүүлч С.Нарансолонго

Хуваалцах