Колумбид зэвсэгт бүлэглэлүүдийн дроны халдлага хоёр дахин өсжээ
Мэдээллийн алба

Колумбид хууль бус зэвсэгт бүлэглэлүүд тэсрэх төхөөрөмжөөр тоноглосон дрон ашиглан халдлага үйлдэх нь эрс нэмэгджээ. Тус улсын Хүний эрхийн омбудсманы албаны мэдээлснээр 2026 оны эхний таван сард ийм төрлийн 121 халдлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 146 хувиар өссөн үзүүлэлт байна.
Эдгээр халдлагын улмаас 21 хүн амиа алдаж, 145 хүн шархадсан бөгөөд хохирогчдын 32 хувь нь энгийн иргэд байжээ. Дроны халдлагад орон сууц, сургууль, шатахуун түгээх станц болон бусад иргэний дэд бүтэц өртсөн тохиолдол бүртгэгдсэн байна.
Колумбийн зэвсэгт бүлэглэлүүд дроныг зөвхөн тэсрэх төхөөрөмж тээвэрлэн халдлага үйлдэхэд бус, өрсөлдөгч бүлэглэл болон төрийн хүчний байрлалыг тандалт хийх, нутаг дэвсгэрийн хяналтаа тогтооход ашиглаж байгааг хүний эрхийн байгууллагууд анхааруулжээ.
Халдлагын давтамж нэмэгдэхийн хэрээр зарим бүс нутагт иргэд орон гэрээ орхих, тариалангийн талбайдаа ажиллах боломжгүй болох, эмнэлэг болон бусад үйлчилгээнд хүрэхэд хүндрэл учрах болсон байна. Мөн хүмүүнлэгийн байгууллагуудын ажиллах боломжийг хязгаарлаж байгааг Колумбийн омбудсманы алба мэдээлжээ.
Колумбийн эрх баригчид дроны халдлагаас хамгаалах системээ бэхжүүлэхээр ажиллаж байгаа ч уул, ой ихтэй газар нутгийн онцлогоос шалтгаалан жижиг нисгэгчгүй төхөөрөмжийг илрүүлэх, саармагжуулахад хүндрэлтэй хэвээр байна.


















