Мэдээллийн дэвшилтэт технологийг ашиглана
Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНСУ-ын эрүүл мэндийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын програм хангамж хөгжүүлэгч NSDevil байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНСУ-ын эрүүл мэндийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын програм хангамж хөгжүүлэгч NSDevil байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт авахад зориулсан тусгай программ хангамж бүхий 30 таблетийг дагалдах хэрэгслийн хамт ЭМХТ-д хандивлалаа.
Энэхүү таблетууд нь шалгалтыг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өгөх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ дуу, дүрсний өндөр нарийвчлал бүхий мэдээллүүдийг дамжуулах, шалгалт, сургалтад ашиглах чадамжтай юм.
Эдгээр таблетуудыг Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт авахад төдийгүй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх, чадавхжуулах сургалтуудад ашиглах нь ихээхэн үр дүнтэй байдаг байна. Төхөөрөмж дээр суурилуулсан программ хангамжаар зүрхний цохилт, уушигны чимээ болон ЭХО, MRI зэрэг зураг, дүрсийг оруулах, өвчний түүх үүсгэн асуулт бэлтгэх зэргээр нэмэлт мэдээлэл, хичээлүүд оруулан ашиглах өргөн боломжтой юм. Уг төхөөрөмжийг БНСУ-ын томоохон анагаах ухааны боловсрол олгодог их, дээд сургуулиуд сургалт, шалгалтдаа ашиглахаас гадна эмч, мэргэжилтнүүдийн Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг авдаг.
Эрүүл мэндийн хөгжлийн төв одоогоор эдгээр төхөөрөмжүүдийг туршилтын журмаар үйл ажиллагаандаа ашиглан цаашдаа олон улсын түвшинд хүрсэн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн шалгалтыг орон зай, цаг хугацаанаас үл хамааран авдаг болох нөхцлийг бүрдүүлэх болно.


















