Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мэндчилгээ

Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхист амьдарч буй МҮОНРТ-ийн үзэгч, сонсогч зон олон, элгэн халуун нутгаасаа алс холд суугаа ахан дүүс монголчууд та бүхэндээ морилон ирж буй шинэ оны мэнд дэвшүүлье.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Мэндчилгээ
Мэндчилгээ. Зураг: МҮОНРТ

Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхист амьдарч буй МҮОНРТ-ийн үзэгч, сонсогч зон олон, элгэн халуун нутгаасаа алс холд суугаа ахан дүүс монголчууд та бүхэндээ морилон ирж буй шинэ оны мэнд дэвшүүлье.

Улиран одож буй 2017 он МҮОНРТ-ийн хамт олны хувьд ололт амжилт, бэрхшээл сорилт, бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлт, хөгжил хөдөлгөөнөөр дүүрэн байлаа. Энэ онд ХХ зууны шинжлэх ухааны гайхамшигт ололт телевизийн салбар үүсч хөгжсөн 50 жилийн ой тохиолоо. Энэ ой бол энэ салбарт ажиллагсдын баяр төдийгүй монгол түмний баяр, монгол улсын хөгжлийн түүхийг дүрс дуугаар бичсэн он цагийн гэрч юм.

Тэмдэглэлт өдөр МҮОНТ-ийг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагнасан нь бахархалт үйл явдал боллоо.

Энэ онд бид үзэгч сонсогчоо дээдэлсэн, тэдний оюуны эрэлт хэрэгцээг чухалчилсан олон ажил санаачиллаа. Анх удаа дэлхийн 15 улсад МҮОНРТ-ийн сурвалжлагчийг сонгон томиллоо. Эдүгээ монгол орны 21 аймагт радио, телевизийн сэтгүүлчид идэвхтэй ажиллаж байна. Дэлхий дахины болоод монгол орны өнцөг булан бүрээс шинэ мэдээ сурвалжлагыг өдөр бүр, цаг тутамд үзэгч сонсогчдодоо шуурхай хүргэж, ард түмнээ мэдээллээр тасралтгүй хангах, тэдэнд үйлчлэх, соён гэгээрүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж ирлээ.

“Бодлогын цөмд-Хүн” гэж томьёолж хүнээ дээдэлсэн хөтөлбөр хэрэгжүүллээ. Ажилтан албан хаагчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, бодит орлогыг нэмэгдүүлэх алхмуудыг хийлээ. Түүнчлэн энэ онд “MNB-гийн хүүхдүүд цэцэрлэг” байгуулан ашиглалтад оруулсан нь ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал түлхэц боллоо.

МҮОНРТ үйл ажиллагааны хүрээгээ тэлж ирж буй 2018 онд “MNB спорт”, “MNB world” сувгийг нээж, үндэсний олон контент хийж, “Пёнчан-2018” өвлийн олимп, Дэлхийн хөлбөмбөгийн дэлхийн аварга 2018 тэмцээнийг шууд дамжуулж, ABU-тай бүс нутгийн хэмжээнд, цаашлаад энэ салбарт хөгжлийг тодорхойлогч дэлхийн олон радио, телевизтэй хамтран ажиллаж, үзэгч, сонсогчоо дээдэлсэн, тэдний оюуны хэрэгцээнд бүрэн дүүрэн нийцэхүйц шинэ контент бүтээж, ард түмнийхээ итгэлийг улам бэхжүүлэх олон зорилт хүлээж байна. Санаа зөв бол заяа зөв гэдэг билээ. Манай хамт олны радио, телевизийг хөгжүүлэхийн төлөөх чин шударга сэтгэл, зүтгэл үргэлжид мандан бадарна гэдэгт итгэж байна.

Дөрвөн улиралтай, дөрвөн өнгөтэй, дөрвөн зүгтэй эх сайхан монгол оронд минь шинэ он айлчлан ирж байна. Ирж буй 2018 он монгол түмэн минь даяараа амар амгалан, эрүүл энх байж, хийж бүтээх ажил үйлс тэгш дүүрэн байх болтугай.


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗ

Хуваалцах